Монгол Улсад анхны хувийн тэтгэврийн тогтолцооны үндэс суурийг тавьсан Тэтгэврийн Ууган Сангийн ирэх 3 жилийн бодлогыг тодорхойлох Удирдах зөвлөл /УЗ/, Хяналтын зөвлөл /ХЗ/-ийн гишүүдийг сонгох  хариуцлагатай үе ТУС-ийн гишүүд бидний өмнө ирлээ.

ТУС-ийн дүрмээр Удирдах Зөвлөл нь 5 гишүүнтэйгээс 2 гишүүнийг ажил олгогч, 3 гишүүнийг бүх гишүүдийн санал хураалтаар, Хяналтын Зөвлөл нь 3 гишүүнтэйгээс 1 гишүүнийг ажил олгогч, 2 гишүүнийг бүх гишүүдийн санал хураалтаар тус бүр сонгож томилдог.

УЗ, ХЗ-ийн гишүүнд нэр дэвшигчид нь ТУС сангийн гишүүн, Монгол Улсын болон олон улсын тэтгэврийн тогтолцоо, ТУС-ийн талаар мэдлэгтэй, удирдан зохион байгуулах чадвартай, ТУС-ийн гишүүнээр нэгээс доошгүй жил байгаа хэн ч болов өөрийгөө болон дээрх шаардлагад нийсэн нэгнийг нэр дэвшүүлэх эрхтэй юм.

Нэр дэвшигчдийн санал, нэр дэвших сонирхолтой гишүүдийн зорилго, мөрийн хөтөлбөрийг 2016.08.22-2016.08.26-ны хооронд info@tus.mn и-мэйл хаягаар хүлээн авах бөгөөд 2016.08.29-2016.09.02-ны хооронд www.tus.mn сангийн цахим хуудсаар нийт гишүүдийн санал хураалтаар сонгууль явагдана. Иймд нэр дэвших хүсэлтэй гишүүд та бүхнийг сонгуулийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, Монгол Улсын анхны хувийн тэтгэврийн сангийн Удирдлагын баг бүрэлдэхүүнд орж, улсынхаа тэтгэврийн тогтолцоонд шинэчлэл хийх, хувийн тэтгэврийн тогтолцоог хөгжүүлэх үйл хэрэгт өөрийн хувь нэмрийг оруулахыг хүсэж байна.

Хувийн тэтгэврийн тогтолцоог хөгжүүлж, төрийн нийгмийн халамжийн ачааллыг хөнгөвчилснөөр, эдийн засагт ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийх чадавхитай санхүүгийн томоохон институци бий болж, иргэд эдийн засгийн үр өгөөжөөс эрх тэгш хүртдэг. Нөгөө талаар тэтгэврийн албан ёсны хуримтлал дээр сайн дурын хуримтлал бий болгох эрх зүйн зохицуулалтыг хийснээр иргэд ирээдүйн санхүүгийн баталгаагаа хангах, урт хугацааны хуримтлалтай болж, хүссэн хэмжээний тэтгэврээ авч сайн сайхан амьдрах боломж бүрдэх юм.