Манай улсын тэтгэврийн тогтолцоо нь 1995 оноос эхтэй нэг давхаргат, орлогоосоо зарлагаа санхүүжүүлэх зарчимд суурилдаг халамжийн шинж чанартай хуваарилалтын тогтолцоо юм. Энэ тогтолцоо нь тэтгэврийн сангийн шимтгэлийн орлогоор сангийн зардлыг санхүүжүүлдэг. Мөн тэтгэврийн сангийн мөнгийг эргээд үр ашгаа өгөх төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулалт хийх зэргээр өсгөж үржүүлэх бодлого хийгддэггүй. Иргэдийг өндөр эсвэл бага шимтгэл төлснийг үл харгалзан тэтгэвэр нь ойролцоо түвшинд тогтоогддог. Тухайн иргэн 20-30 жил тасралтгүй хөдөлмөрлөж, насаараа шимтгэл төлсөн ч тэтгэвэртээ гарч амжилгүй насан эцэс болсон тохиолдолд үр хүүхэд хань ижилд нь нэг ч төгрөг олголгүй шууд улсын орлого болгодог гэх мэт хэтэрхий шударга бус тогтолцоотой явж ирсэн юм.
Тоо баримт:
Өнгөрсөн 2015 оны байдлаар улсын хэмжээнд нийт 254 900 иргэнд сард дунджаар 283 мянган төгрөгийн тэтгэвэр ногдож байгаа ч нийт тэтгэвэр авагчдийн дийлэнх хувь нь бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр буюу 230 000 төгрөгийн тэтгэврийг сард авсан байна. Гэтэл амьжиргааны анхан шатны хэрэглээний зардал 185 400 төгрөг байгаа өнөөгийн нөхцөлд ийм хэмжээний орлогоор амьдрахад хангалтгүй юм.
Иймд иргэд улсаас олгох тэтгэвэр тэтгэмжид найдаж суух бус иргэн бүр нэмэлт тэтгэврийн хуримтлалыг өнөөдрөөс эхлэн бий болгох хэрэгцээ, шаардлага хэдийнээ бий болоод байгаа юм.