Манай улс өндөр насны тэтгэврийг улсын төсвөөс олгож байсан хуучин тогтолцоог 1995 оноос өөрчилж, ажил олгогч, даатгуулагчийн шимтгэлээс тэтгэвэр олгодог нийгмийн даатгалын хуваарилалтын буюу “Эв санааны нэгдлийн тогтолцоо”-нд шилжсэн. Энэ тогтолцоонд хөдөлмөр эрхлэгч бидний төлсөн шимтгэлээр өнөөдрийн тэтгэвэр авагчдын тэтгэврийг олгодог.
Үндэсний статистикийн хорооны судаsлгаагаар 2011 оны эцсийн байдлаар Монгол улсад тэтгэвэрт гарсан 204.4 мянган хүн байсан бөгөөд нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэрт 328 тэрбум төгрөг олгожээ. Өөрөөр хэлбэл нэг тэтгэвэр авагч сард дунджаар 134,000 төгрөгийн тэтгэвэр авсан байна. Ийм хэмжээний тэтгэвэр хүний анхан шатны хэрэгцээг л хангаж чадахтай үгүйтэй.
Гэтэл өндөр хөгжилтэй, хөгжингүй бүх оронд төрийн тэтгэврийн зэрэгцээ хувийн тэтгэврийн тогтолцоо оршиж иргэдийг нэмэлт тэтгэврээр хангаж, өндөр настай, хөдөлмөрийн чадваргүй болсон үед хэвийн амьдрах баталгааг олгож төрийн нийгмийн өмнө хүлээх чиг үүргээс хуваалцахын зэрэгцээ ихээхэн хэмжээний хуримтлал үүсгэн, хуримтлагдсан эх үүсвэрийг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар эдийн засгийн хөгжилд томоохон дэмжлэг үзүүлж байдаг.
Ихэнхи монголчуудын хувьд тэтгэврийн асуудал нь зөвхөн өндөр настнуудад хамаатай гэж ойлгодог бол хувийн тэтгэвэр өндөр хөгжсөн орны иргэд анх ажилд орохдоо л тэтгэврийнхээ талаар анхаарч эхэлдэг. Эдгээр орнуудын хувьд төрөөс хувийн тэтгэврийн хуримтлал бий болгох тогтолцоог нь бүрдүүлж, иргэд нь ч үүнд идэвхитэй хамрагдаж чаддаг учраас тэдгээр иргэдийн хувьд тэтгэврийн нас гэдэг гавъяаны амралтандаа гарч жаргах үе нь байдаг.
Хувийн тэтгэврийн тогтолцоо нь ихэнхдээ төрийн тэтгэврийн нэмэлт байдлаар хэрэгждэг бол цөөн зарим оронд хувийн тэтгэвэр төрийн тэтгэврийн зарим хэсгийг орлох үүргийг гүйцэтгэдэг. Тухайлбал Чили, Аргентина, Швед, Итали зэрэг орнуудад орлох үүрэгтэй байдаг.
Анхны хувийн тэтгэврийн сангууд нь дэлхийн хоёрдугаар дайны дараа баруун европ, АНУ-д үүсчээ. Тэдгээр нь анх иргэдийг сайн дурын үндсэн дээр оролцуулдаг, хувийн компаниудын удирдлага дор үйл ажиллагаагаа явуулдаг сангууд байв. Өнөө үед өндөр хөгжилтэй орнуудад энэ хувийн тэтгэврийн тогтолцоо ажиллагсдын 50 хүртэл хувийг хамрах болжээ, жишээ нь Голланд, Австрали, Швед, Норвеги, Швецарит ажилллагсдын 90%, АНУ, Германд ажиллагсдын 50-60%, баруун европын бусад орнуудад 20-30% нь энэ төрлийн тэтгэврийн тогтолцоонд хамрагдсан байдаг.
Хувийн тэтгэврийн систем нь дотроо байгууллагын болон хувь хүний гэсэн үндсэн 2 төрөлтэй бөгөөд төрөл тус бүртээ оролцооноос хамаарч сайн дурын болон заавал оролцох гэсэн төрлүүдтэй.
Хувийн тэтгэврийн тогтолцоонд ажил олгогчид томоохон үүрэгтэй оролцох бөгөөд хувийн тэтгэврийн санд ажиллагсдынхаа өмнөөс тэтгэврийн хураамж төлдөг тул байгууллагын оролцоотой тэтгэврийн тогтолцоонд иргэдэд илүү их хуримтлалыг бий болгож чаддаг.
Байгууллагын оролцоотой тэтгэврийн тогтолцоо нь тодорхой хураамжийн (defined contribution) болон тодорхой тэтгэврийн (defined benefit) гэсэн 2 үндсэн төрөлтэй.
Байгууллагын оролцоотой тэтгэврийн тогтолцоо нь тодорхой хураамжийн (defined contribution) болон тодорхой тэтгэврийн (defined benefit) гэсэн 2 үндсэн төрөлтэй.
Байгууллагын тэтгэврийн тодорхой хураамжийн тогтолцоонд ажилтан болон ажил олгогч тодорхой хэмжээгээр ажилтны нэр дээрх дансанд хураамж төлж, уг дансан дахь мөнгөн хөрөнгийг ажилтны нэрийн өмнөөс тэтгэврийн сан удирдаж мөнгөн хөрөнгийг эргэлтэд оруулснаар урт хугацааны туршид мөнгөн хөрөнгийг үнэ цэнийн уналтаас хамгаалж хадгалалт, өсөлтийг нь хангаж байдаг. Ажилтны тэтгэврийн хэмжээ нь нэрийн дансан дахь хуримтлалын үлдэгдлээр тодорхойлогддог.
Харин байгууллагын тодорхой тэтгэврийн тогтолцоог хэрэгжүүлэхэд олгох тэтгэврийг урьдчилан тогтоосноор төлөх хураамжийн хэмжээг онцгой байдлаар тодорхойлох хэрэгтэй болдог. Төлөгдсөн хураамж, авах тэтгэврийн хэмжээ хоёр нь хоорондоо санхүүгийн хувьд тэнцүү байх боломжгүй. Хэрэв тэтгэврийн сан дахь мөнгөн хөрөнгө нь амласан тэтгэвэрт хүрэлцэхгүй бол ажил олгогч тэтгэврийн санд нэмэлт санхүүжилт хийдэг.
Хувийн тэтгэврийн санд хамрагдах нь иргэдэд дараах давуу талуудтай байдаг байна. Үүнд:
- Ажил олгогч ажилтандаа хуримтлал үүсгэж, хураамж төлөх үүргийг хүлээдэг тул ажилтнуудын өөрсдийн оруулж байгаагаас хамаагүй илүү хөрөнгө хуримтлагдана.
- Татвар тооцох суурийг багасгаснаар татварын зардал багасна. Ихэнх улсуудад хувийн тэтгэврийн санд төлсөн хураамжийг татвар тооцох сууриас хасч тооцох татварын систем үйлчилдэг. Харин тэр татварыг дараа нь тэтгэвэрээ авах үед нь тооцож авдаг.
- Тэтгэврийн сангууд бусад санхүүгийн бүтцүүдээс илүү өндөр баталгааг гаргаж өгдөг учраас иргэд нас өндөр болсон хойноо хангалттай хөрөнгө цуглуулах, хадгалах хүсэлд нийцдэг. Нас барсан тохиолдолд өвлөх боломжтой.
- Хуримтлуулсан хөрөнгө нь сангийн хөрөнгийг зөв удирдсанаас өсөх бололцоотой
- Тэтгэврийн сантай санхүүгийн асуудлаар харилцахад хялбар
Харин ажил олгогчийн хувьд:
- Мэргэшсэн ажиллагсдыг тогтоон барих сонирхол. Тиймээс зарим ажил олгогч нь зарим ажилтнуудын өмнөөс тэтгэврийн хураамжийг янз бүрээр төлж болдог.
- Хувийн тэтгэврийн санд хураамж төлснөөр татварын тодорхой хөнгөлөлт эдэлдэг. Ихэнх орнуудад татвар төлөх суурийг ажилтнуудын өмнөөс хувийн тэтгэврийн хураамж төлсөн хэмжээгээр бууруулах татварын систем үйлчилдэг. Энэ тохиолдолд татварыг тэтгэврийн санд оролцогч нэмэгдэл тэтгэврээ авах үедээ төлдөг.
Хувийн тэтгэврийн санд байгаа мөнгөн хөрөнгө нь хэдий түүнд оролцогчдын хувийн өмч бөгөөд иргэд сайн дураараа нэгдсэн байлаа ч олон мянган иргэдийн он удаан жилийн хуримтлалыг нэгтгэж асар их хөрөнгийг төвлөрүүлэх бөгөөд тэдгээр олон гишүүд нь өөрсдөө сангийн үйл ажиллагаанд шууд оролцох, хяналт тавих чадвар, боломж байхгүй нь ойлгомжтой. Иймд төрийн үүрэг бол эдгээр иргэдийн эрх ашгийг хуулиар хамгаалахад оршино.
Монгол улсад сүүлийн жилүүдэд хувийн тэтгэврийн тогтолцооны эхлэлүүд тавигдаж эхлээд байна. Тухайлбал, Голомт банк – Бодь группын үүсгэн байгуулсан ТУС сан, Тэнгэр группын МТНД ХХК-ийн ажилтнуудад зориулсан тэтгэврийн хөтөлбөрүүдийг нэрлэж болно. Мөн бусад манай томоохон групп компаниуд судлан хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Эрх зүйн орчин нөхцөл тодорхой бус, төрөөс ямар нэг дэмжлэг, зохицуулалт байхгүй хэдий ч эдгээр нь бусад орны туршлагын нөлөөгөөр иргэдийн болон ажил олгогчдын хүсэл сонирхлын огтлолцол дээр нийгмийн шаардлагаар өөрөө үүсэн бий болж буй үзэгдэл гэж хэлж болно. Эдгээр нь бүгд ажилтнуудаа төрийн тэтгэврийн зэрэгцээ нэмэлт тэтгэврээр хангах зорилготой, татварын дараахь ажилтны цалин болон ажил олгогчийн ашгаас зардал гарган хуримтлал үүсгэх аргаар бий болгож буй хуримтлалын сангууд болно.
Монгол улс нэгэнт зах зээлийн нээлттэй эдийн засгийн бодлого баримтлан хөгжиж байгаа орны хувьд бусад орнуудын жишгээр хувийн тэтгэврийн тогтолцоог хөгжүүлэх шаардлагатай байна. Хувийн тэтгэврийн тогтолцоо хангалттай хуримтлал үүсгэн тогтворжиж, байр сууриа олох хүртлээ багагүй хугацаа шаардагдах тул энэ ажлыг нэн яаралтай эхлүүлэх нь зүйтэй юм.
Ш.ЕСӨНХИШИГ