Нийгмийн хамгааллын тогтолцоо нь нийгмийн даатгал ба нийгмийн халамж гэсэн үндсэн 2 хэсэгтэй ба нийгмийн даатгал гэдэг нь иргэн аж ахуй нэгжээс нийгмийн даатгалын санг бүрдүүлж, даатгуулагч өндөр наслах, өвчлөн ажилгүй болоход нь өөрт нь, даатгуулагч нас барахад түүний асрамжинд байсан хүмүүст хууль тогтоомжинд заасны дагуу тэтгэвэр тэтгэмж олгох агуулга бүхий эдийн засгийн ойлголт юм. Нийгмийн даатгалын томоохон хэсгийг тэтгэврийн тогтолцоо бүрдүүлдэг.

Тэтгэврийн тогтолцооны ангилалаас хамгийн түгээмэл нь Дэлхийн банкны “3 давхаргат” тогтолцооны ангилал /Дэлхийн банк, 1994 он/ юм. Үүнд: 1-р давхаргад өндөр настнуудын ядуурлыг багасгах зорилготой, төрөөс хэрэгжүүлдэг албан ёсны, 2-р давхаргад хувийн хэвшлийн удирдлагатай хуримтлалын тогтолцоо, 3-р давхаргад сайн дурын хадгаламж/хуримтлал-ыг багтаадаг. Хоёр болон гуравдугаар давхаргад хувийн тэтгэврийн сангууд голлох үүргийг гүйцэтгэж, төрийн ачааллыг хуваалцаж байдаг.

Хувийн тэтгэврийн систем  нь ихэнхдээ төрийн тэтгэврийн нэмэлт байдлаар хэрэгждэг бол цөөн зарим оронд хувийн тэтгэвэр төрийн тэтгэврийн зарим хэсгийг орлох үүргийг гүйцэтгэдэг. Тухайлбал, “Чилийн тэтгэврийн загвар” – наяад оноос хувийн тэтгэврийн сангуудын туршлагыг төрийн тэтгэврийн үндсэн программуудыг хэрэгжүүлэхэд ашиглаж эхэлсэн. Харин олон оронд хувийн тэтгэврийн систем нь төрийн тэтгэвэртэй зэрэгцэн оршиж иргэдийг нэмэлт тэтгэврээр хангах үүрэг гүйцэтгэдэг байна. Тухайлбал Их британид төрийн тэтгэвэр нь суурь болон нэмэлт гэсэн 2 хэсгээс бүрдэх бөгөөд хэрэв иргэд хүсвэл төрийн тэтгэврийн нэмэлт хэсгийг хувийн систем рүү шилжүүлж болдог байна. Үүнтэй төстэй тогтолцоо европын олон оронд хэрэгждэг. ОХУ-д л гэхэд 2002 онд хийгдсэн тэтгэврийн шинэтгэлийн дараагаас төрийн тэтгэвэр нь хоёр хэсгээс тогтох болсон. Эхнийх нь суурь төвшин буюу тэтгэврийн насанд хүрсэн бүх иргэнд тэтгэврийн минимумыг олгодог бол хоёр дахь нь тэтгэврийн хураамжийн тодорхой хэсэг нь хуримтлал хэлбэрээр иргэдийн нэрийн дансанд байршуулж түүнээс төрийн нэмэлт тэтгэвэр олгодог. Иргэд хүсвэл хоёр дахь төвшний тэтгэврийн хуримтлалаа хувийн тэтгэврийн сан руу шилжүүлэх эрхтэй. Түүнээс гадна гурав дахь төвшин болох сайн дурын хувийн тэтгэврийн систем хэрэгжиж иргэдийг тэтгэврээр хангаж байна.

Харин манай орны хувьд 2008 онд үндэсний хөгжлийн цогц бодлогоо тодорхойлж УИХ-р батласан. 2008-2012 оны хамтарсан засгийн газрын мөрийн хөтөлбөр дотор тэтгэврийн тогтолцооны менежментийг боловсронгуй болгох, тэтгэврийн даатгалын тогтолцоог төгөлдөржүүлэх, агуулгаараа олон давхаргат тэтгэврийн тогтолцооны үндэс суурийг тавих гэсэн чиглэлийг тусгасан байдаг. Гэхдээ олон давхаргат тэтгэврийн тогтолцоог тухайн үеийн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас дараах байдлаар тодорхойлон гаргасан. Үүнд: 1-р давхаргад  нэмэлт баталгаа бүхий төсвөөс санхүүжих Нийгмийн суурь тэтгэвэр, 2-р давхаргад тэтгэврийн даатгалын шимтгэлээр санхүүжих тэтгэвэр, 3-р давхарга: Сайн дурын арилжааны даатгал.

Даатгалын үндсэн үүрэг нь аливаа эрсдэлээс хамгаалахад чиглэгддэг. Эрсдэл гэдэг бол төсөөлж буй боломжит таагүй үйл явц юм. Харин тэтгэврийн хувьд хүн тодорхой насанд хүрэх нь зайлшгүй зүйл тул эрсдэлийн хүчин зүйл гол биш, харин хуримтлалын хүчин зүйл голлох байр суурийг эзэлж байна. Тиймээс тэтгэврийн тогтолцоог даатгал гэж ойлгох биш хуримтлал гэж ойлгох нь зөв юм. Түүнээс гадна одоогийн манай хуулинд Нэрийн данс гэж байгаа бөгөөд зөвхөн хуримтлалд л данс байхаас даатгалд бол данс гэж үгүй харин хэлцэл/гэрээ гэж буй.

Хувийн тэтгэврийн тогтолцоог хэрэгжүүлснээр төрөөс маш их ачааллыг хөнгөлдөг нь онолын үүднээс батлагдсан байдаг. Тиймээс одоогийн тэтгэврийн албан ёсны  хуримтлал дээр сайн дурын хуримтлалыг бий болгож, түүнийг нь татвараас чөлөөлж өгсөнөөр хүн ам хуримтлалтай болох боломжтой юм. Орчин үеийн макро эдийн засгийн онол 2008 оноос эхлэн  Ард түмний хуримтлал гэсэн нэр томъёонд хэлбийж эхэлсэн. Ард түмний хуримтлалын чухал цөм нь тэтгэврийн улсын ба хувийн сан дээрх хуримтлал юм.

Ш.Есөнхишиг