Хуримтлал гэдэг нь…
Хуримтлал гэдэг нь өнөөгийн орлогынхоо тодорхой хэсгийг ирээдүйд зарцуулах зорилготой мөнгөн хөрөнгө юм. Хуримтлал нь банкны хадгаламж, худалдаж авсан хувьцаа, бэлэн мөнгө зэрэг олон хэлбэртэй байж болно. Хуримтлалын өсөлт нь одоогийн хэрэглээ, ирээдүйн орлого болон хуримтлалын хүүний өсөлт зэрэг хүчин зүйлээс хамаардаг.
Хуримтлалын эх үүсвэр
Орлоготой иргэн бүрт хуримтлал бий болгох боломж байдаг ба хуримтлал нь урт хугацаанд үүсдэг тул түүнийг бий болгоход гагцхүү тэвчээр хэрэгтэй байдаг.
Улс орнуудад үүсээд байгаа насжилтын асуудлаас 20-р зуунд улс орнууд нийгмийн даатгалын тогтолцоонд өөрчлөлт хийж хувийн тэтгэврийн сангуудыг төрийн тэтгэврийн тогтолцоонд нэмэлт хэлбэрээр зарим оронд орлох хэлбэрээр оруулж ирсэн нь иргэдэд урт хугацаат хуримтлалыг бий болгох боломжийг бүрдүүлсэн.
АНУ-ын БиЭмИ групп нь Европын холбооны орнуудын иргэдийн хуримтлалын талаар судалгаа хийсэн байна. Судалгаагаар Европын иргэдийн урт хугацааны санхүүгийн хуримтлалын үндсэн хэсгийг тэтгэврийн хуримтлал нь бүрдүүлж байна. Тэтгэврийн сангаас авах энэ хуримтлал нь нийт урт хугацаат хуримтлалынх нь 47%-ийг бүрдүүлдэг бол түүний дараа дансны хадгаламжууд 21% байна.
АНУ-ын Товерс Ватсон компанийн дэлхийн томоохон төрийн болон хувийн тэтгэврийн сангуудад хийсэн 2013 оны судалгаагаар Япон улсад нийт тэтгэврийн хөрөнгийн 27 % нь хувийн тэтгэвэр байгаа бол Канадад энэ харьцаа 43% байна. Харин Их Британи, Австрали улсуудад хувийн сектор нь нийт тэтгэврийн хөрөнгийн 89% , 84%-ийг тус бүр бүрдүүлж байна.
Мөн судалгаагаар нийт тэтгэврийн хөрөнгийн хэмжээ нь 10 жилийн хугацаанд хоёр дахин өссөн үзүүлэлтээр АНУ нийт 17 тэрбум, Япон улс нийт 4 тэрбум, Их британи улс 3 тэрбум ам.долларын хэмжээгээр бусад орнуудыг тэргүүлж байна.
Хувийн тэтгэврийн сангийн ач холбогдол
Хуримтлалыг бий болгож чадаж байгаа иргэдийн хувьд тухайн орны төр засаг нь байгууллагаас ажилтнууддаа хуримтлал бий болгох үүргийг албан ёсоор хувийн тэтгэврийн тогтолцоонд оруулж өгсөн байна.
Хувийн тэтгэврийн сангуудад хуримтлал хийх үүргийг тэтгэврийн сангийн оролцогч ажилтан болон түүний ажил олгогч хувааж үүрдэг тул ажилтнуудын өөрсдийн оруулж байгаагаас хамаагүй илүү хөрөнгө хуримтлагдах боломжтойн дээр ихэнх улсуудад хувийн тэтгэврийн санд төлсөн хуримтлалыг татвар тооцох сууриас хасч тооцож харин тэр татварыг дараа нь тэтгэвэрээ авах үед нь тооцож авдаг.
Иргэдийн хувьд тэтгэврийн сантай санхүүгийн асуудлаар харилцахад хялбар, хуримтлуулсан хөрөнгө нь сангийн хөрөнгийг зөв удирдсанаас өсөх бололцоотойгоос гадна нас барсан тохиолдолд өвлөх боломжтой зэрэг давуу талууд байдаг.
Хувийн тэтгэврийн тогтолцоо нь иргэдийг нэмэлт тэтгэврээр хангахын зэрэгцээ эдийн засагт хөрөнгө оруулалтын маш хүчирхэг бүтцийг бий болгодог. Тэдгээр нь их хэмжээний санхүүгийн нөөцийг эзэмшиж, хөрөнгийн болон үнэт цасны зах зээлд хөрөнгө оруулалт хийж, том том төслүүдийг санхүүжүүлж, зах зээлийн эдийн засгийн хөгжилд ихээхэн нөлөө үзүүлж байна.
Зарим улсын хувийн тэтгэврийн сангуудын нийт активийн хэмжээ нь тухайн улсын дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулахад дараах байдалтай байна.
Монголчууд бидний хувьд…
Эв санааны нэгдлийн тогтолцоотой, сард 147,000 /2012 он.НХХЯ/ төгрөгийн тэтгэвэртэй нийгмийн даатгалын тогтолцоотой Монголчуудын хувьд бодлого хэрэгжүүлэгч яамнаас 2008 оноос тогтолцоогоо шинэчлэж хувийн секторыг оруулан тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд шилжихээр шийдвэрлэсэн.
Олон зууны турш мал дагаж өнөө маргаашийн хэрэгцээгээ хангаж мөнгөн хуримтлал гээчийг бий болгож чадаагүй манайханд байгууллагын дэмжлэгтэйгээр иргэдэд хуримтлал бий болгох бололцоог төрөөс дэмжихээр болсон нь сайшаалтай ч өнөөдрийг хүртэл шинэ тогтолцоог зохицуулах талаар хууль гараагүй, ямар ч ажил хийгдээгүй байгаа нь харамсалтай байна.
Аль болох эрт, аль болох их хэмжээгээр хуримтлуулдаг хуримтлалын алтан дүрмийг бодолцон төр засгаас ажлаа хурдасган залуус бидэнд хуримтлалтай болох боломжийг хурдан бий болгоно гэж найдаж байна.