Одоо үйлчилж буй Нийгмийн даатгалын тогтолцоо 1995 оноос эхлэлтэй бөгөөд өдгөө 18 жил болж байна. Энэ хугацаанд Монголын эдийн засгийн хөгжил, амьдралын хэв маяг, ихээхэн өөрчлөгдсөн билээ. Улсын хэмжээнд нийт 334600 иргэд 734 тэрбум төгрөгийн тэтгэвэр авч, нэг иргэнд сард 183 мянган төгрөгийн тэтгэвэр ногдож байна.
Өнөөдрийн байдлаар Нийслэлийн нэг өрхийн сарын дундаж орлого 1 сая 62 мянган төгрөг. Үүнээс 55 хувь нь цалин хөлсөөр, 155 мянган төгрөг буюу 15 хувь нь улсаас авч байгаа тэтгэвэр тэтгэмж юм.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянган төгрөг, амьжиргааны доод түвшин 149 мянга 900 төгрөг байгаа. Өөрөөр хэлбэл ийм хэмжээний тэтгэврээр дээр дурдсан амьдралын анхан шатны хэрэгцээг хангана гэдэг хүнд асуудал. Улсаас сар бүр ирэх мөнгийг хүлээн сууж, тэр мөнгө нь цахилгаан дулаан, ус, идэж уух зардалдаа өдөртөө дуусчихдаг амьдрал тааруухан иргэд олон бий. Улсын хэмжээнд ядуурлын түвшин 27 хувиас доошоо буурахгүй байна. Зөвхөн нэг тэтгэвэр харж суух тогтолцоо нь өөрөө ядууралд нөлөөлөөд байгаа хүчин зүйл. Нийгмийн эдгээр асуудлыг шийдэх үүднээс тэтгэврийн одоо байгаа тогтолцоог сайжруулах шаардлага гарч ирээд байна.
Өндөр хөгжилтэй, хөгжингүй бүх оронд төрийн тэтгэврийн тогтолцооны зэрэгцээ “Хувийн тэтгэвэр”-ийн тогтолцоо оршиж иргэдийг нэмэлт тэтгэврээр хангаж, өндөр настай хөдөлмөрийн чадвараа алдсан үед хэвийн амьдрах баталгаа болдог.
Хувийн тэтгэврийн сан гэдэг нь тэтгэвэрийн тогтолцооны нэг хувилбар бөгөөд төр удирдахгүй гэсэн үг. Хувийн компани, ажил олгогч энэ санг удирддаг учраас илүү үр ашигтай байж, олон давуу талууд гарч ирдэг.
Тухайлбал хувийн тэтгэврийн санд хамрагдах иргэдэд дараахь давуу талууд гарч ирдэг байна.
- Ажил олгогч ажилтандаа хуримтлал үүсгэж, хураамж төлөх үүргийг хүлээдэг тул ажилтнуудын өөрсдийн оруулж байгаагаас хамаагүй илүү хөрөнгө хуримтлагддаг.
- Татвар тооцох суурийг багасгаснаар татварын зардал багасна.
- Хуримтлуулсан хөрөнгө нь сангийн хөрөнгийг зөв удирдсанаар ямар ч хэмжээгээр өсөх бололцоотой.
- Тэтгэврийн сантай санхүүгийн асуудлаар харилцахад хялбар болдог.
Харин ажил олгогчдын хувьд дараахь давуу талууд гардаг байна.
- Мэргэшсэн ажилчдыг тогтоон барих сонирхол. Тиймээс зарим ажил олгогч нь зарим ажилтнуудын өмнөөс тэтгэврийн хураамжийг янз бүрээр төлж болдог.
- Хувийн тэтгэврийн санд хураамж төлсөнөөр татварын тодорхой хөнгөлөлт эдлэдэг. Ихэнх орнуудад төлсөн хэмжээгээр бууруулах татварын систем үйлчилдэг.
Хувийн тэтгэврийн систем нь дотроо байгууллагын болон хувь хүний гэсэн үндсэн 2 төрөлтэй бөгөөд төрөл тус бүртээ оролцооноос хамаарч сайн дурын болон заавал оролцох гэсэн төрлүүдтэй. Хувийн тэтгэврийн тогтолцоонд ажил олгогчид томоохон үүрэгтэй оролцох бөгөөд хувийн тэтгэврийн санд ажиллагсадынхаа өмнөөс тэтгэврийн хураамж төлдөг тул байгууллагын оролцоотой тэтгэврийн тогтолцоонд иргэдэд илүү их хуримтлалыг бий болгож чаддаг.
Дэлхийн олон оронд хувийн тэтгэврийн систем нь төрийн тэтгэвэртэй зэрэгцэн оршиж иргэдийг нэмэлт тэтгэврээр хангах үүрэг гүйцэтгэдэг. Тухайлбал Их Британид төрийн тэтгэвэр нь суурь болон нэмэлт гэсэн 2 хэсгээс бүрдэх бөгөөд хэрэв иргэд хүсвэл төрийн тэтгэврийн нэмэлт хэсгийг хувийн систем рүү шилжүүлж болдог байна.
Хувийн тэтгэврийн тогтолцоог хэрэгжүүлж эхэлсэнээр төрийн ачааллыг маш их хөнгөлдөг нь батлагдсан. Тиймээс одоогийн тэтгэврийн албан ёсны хуримтлал дээр сайн дурын хуримтлалыг бий болгож түүнийг нь татвараас чөлөөлж өгсөнөөр хүн ам хуримтлалтай болох боломжтой юм.
Монгол Улсад сүүлийн жилүүдэд хувийн тэтгэврийн тогтолцооны эхлэлүүд тавигдаад байна. Тухайлбал Голомт банк – Бодь Группын үүсгэн байгуулсан ТУС сан, Тэнгэр Группын МТНД ХХК-ийн ажилтнуудад зориулсан тэтгэврийн хөтөлбөрүүдийг нэрлэж болно.