Нийгмийн даатгалд иргэн нь сайн дураар болон албан  журмаар даатгуулах ба даатгуулагч болон ажил олгогчоос хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын санд шимтгэл  төлдөг бөгөөд дээрх шимтгэлээс тэтгэврийн даатгалын санд 7,0 хувийг төлдөг юм. Тэтгэврийн даатгалын сан нь  дотроо өндөр насны тэтгэвэр, тахир  дутуугийн тэтгэвэр,  тэжээгчээ  алдсаны тэтгэвэр гэсэн 3 төрөлтэй байна.

“Өндөр насны тэтгэвэр” гэж иргэн өндөр наслах, тэтгэврийн насанд хүрэх үед амжиргааны эх үүсвэрийг хангах, тэтгэврийн хангалттай орлогын эх үүсвэртэй байх зорилгоор төр болон хувийн хэвшлийн тэтгэврийн мэргэжлийн байгууллагаас тогтмол болон бөөн дүнгээр олгодог мөнгөн хөрөнгийг хэлнэ.

Манай улсын хувьд эмэгтэй 55 нас, эрэгтэй 60 наснаас тэтгэвэрт гардаг бөгөөд өнөөдрийн байдлаар хүн амын дундаж наслалт 68.3 байна. Эндээс үзэхэд дурын иргэн тэтгэвэрт гарснаас хойш дор хаяж 10-15 жилийг туулж өнгөрөөдөг ба энэ хугацаанд  амжиргаагаа залгуулах үндсэн орлогын  эх үүсвэр нь тэтгэврийн орлого юм. Тиймээс өнөөдрийн бидний төлж буй шимтгэлээр ирээдүйд амжиргаагаа залгуулах хангалттай тэтгэврийн орлогыг хуримтлуулж чадах эсэх асуудал үүсч байгаа юм.

Хэрэв манай улсын тэтгэврийн тогтолцоонд өөрчлөлт оруулахгүй нөхцөлд тэтгэвэр авагсдын багагүй хэсэг нь цаашид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдсан тэтгэврийн доод хэмжээг авах болно. Дэлхийн банкны 2014 оны судалгаагаар энэхүү доод хэмжээ нь 1960 оноос хойш төрөгсдийн хувьд  даатгуулагчийн сүүлийн цалингийн 30 орчим хувьтай тэнцэх хэмжээнд хүрч буурхаар байгаа юм.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2014 оны хоёрдугаар улирлын байдлаар улсын дундаж цалингийн хэмжээ нэг хүний 786 мянган төрөг, хэрэглээний зардал дундаж цалингийн гуравны хоёр хувийг эзэлж байна. Эндээс ирээдүйд бид тэтгэврийн насанд хүрэх үед хамгийн багаар тооцоолоход ядаж амжиргааны түвшингээ залгуулах хэмжээнд хүрэхүйц  тэтгэврийн хуримтлалыг  бий  болгох шаардлага гарч ирж байна. Тиймээс ирээдүйд хангалттай  тэтгэврийн орлоготой байхын тулд өнөөдрөөс ирээдүйн тэтгэврийн хуримтлалыг бий болгон төрөөс гадна хувийн хэвшлээс санал болгож буй нэмэлт тэтгэврийн хуримтлалын хөтөлбөрт хамрагдах нь таны ирээдүйн санхүүгийн баталгааг хангах гол нөхцөл болох юм.

Эцэст  нь ирээдүйд хүртэх таны тэтгэврийн орлого өнөөдөр таны цаг хугацаа, хөлс хүчээ, шавхан хөдөлмөрлөж буй цалингийн орлоготой эн дүйцэхүйц, санаа тавих, анхаарах асуудлын нэг яах аргагүй мөн. Гагцхүү эхнийх нь өнөөдөр таны авч буй орлого, нөгөөх нь ирээдүйд  хүртэх орлого бөгөөд цаг хугацааны хувьд л өөр өөр үеийг хамрахаас биш тэтгэврийн орлого нь хүний амьдрах хугацаанд олж болох орлогын томоохон бүрэлдэхүүн хэсгийн нэг юм.

М.Мөнхцэцэг