oyunkj7x6

Тэтгэврийн ууган сангийн Гүйцэтгэх захирал Ж.Хишигжаргал сар шинэ тохиож байгаатай холбогдуулан байгууллагаас олгож буй боломжийг ухаалгаар хүртэж, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж, сангийн үндсэн зорилгынхоо дагуу тэтгэврийн хуримтлалаа авсан Д.Оюунд цаашдын амьдралд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, гарын бэлэг гардууллаа. Энэ үеэр Д.Оюун эгчтэйгээ цөөн хором ярилцсан юм. 

Хүний амьдрал баялаг шүү дээ. Та өөрийн ажил амьдралын түүхээсээ бидэнтэй хуваалцахгүй юу? 

Би Архангай аймгийн уугуул. 1982 онд Дарханы Ахуйн үйлчилгээний ТМС-д суралцаж төгсөөд Архангай аймгийн ахуйн үйлчилгээний газарт оёдолчноор ажиллаж байлаа. Зах зээлийн нийгэмд шилжих үед улсын байгууллагууд татан буугдаж, манай үйлчилгээний төв ч хаагдсан. Тэр үед улсын өмчийг хувьчилж иргэдэд 3000, 7000 төгрөгийн цэнхэр ягаан тасалбар олгож байсан юм. Манай гэр бүлийн хувьд 3000 төгрөгийн эрхийн бичгээрээ хонь, ямаа, тугалтай үнээ авч мал дээр гарсан. Харин 1996 онд сургууль соёл бараадсан хүүхдүүдээ дагаж хотод нүүж ирсэн юм. Хэд хэдэн оёдлын үйлдвэрт ажиллаж байгаад 2012 оны 8 сард Голомт банкны Чандмань салбар гэж байхад үйлчлэгчээр ажилд орсон. Энэ нь одоогийн Тэнгис салбар л даа.

Та Тэтгэврийн ууган сангийн талаар хэрхэн мэдэж элссэн бэ?

Манай салбарын захирал Цэнгэлмаа нэг өдөр намайг дуудаж, Оюун эгчээ манай Голомт банкинд ажилтнууддаа зориулсан Тэтгэврийн Ууган Сан гэж байдаг. Та энэ санд гишүүнээр элсэх хэрэгтэй. Тэтгэврийн насанд хүрэх үед тань хэрэг болно гээд гишүүнээр элсүүлж билээ. Би 2013 оны 6 сард ТУС санд элссэн нь бас л хугацаа алдсан байгаа юм. Эрт мэдсэн бол аштай юу гэж одоо боддог. Сая би тэтгэвэртээ гарахдаа ТУС-ийн хуримтлалаа  авлаа. Энэ мөнгөнийхөө зөвхөн 1/3-ийг л би өөрөө  бүрдүүлжээ. Харин үлдсэн мөнгө нь байгууллагын маань оруулсан хувь, хөрөнгө оруулалтын өгөөж байлаа. Энэ мөнгөө би бага хүүгийнхээ байрны урьдчилгаанд нэмэрлэнэ гэж бодож байгаа. Хэрвээ би ТУС-аас мөнгө аваагүй бол тэтгэврийн зээл гэж 2 жилийн хугацаатай 2 сая төгрөг авах юм байна лээ.

Нууц биш бол та улсаас хэдэн төгрөгний тэтгэвэр тогтоолгосон бэ?

Миний ажилласан жил бодсоноос их бага гарсан. Архангайн Ахуй үйлчилгээний газарт ажилласан 14 жил маань ороогүй. Архангай аймгийн архивт гал гарч бүх баримт сэлт шатаж устсан юм билээ. Хятадын оёдлын үйлдвэрт ажиллаж байсан үеийн 7 жилээс 2 жилд нь л нийгмийн даатгал төлсөн гарч ирсэн. Харин Голомт банкинд ажилласан 5 жил нийлээд 12-оос доош жил болж хувь тэнцүүлснээр тэтгэвэр тогтоолгож 216 мянган төгрөг л болсон. Сая засгийн газраас өндөр настнуудын тэтгэврийг хувь тэнцүүлэн нэмэгдүүлж 26 мянган төгрөг нэмэгдсэн байгаа. Одоохондоо Голомт банкиндаа ажиллаж байгаа болохоор гайгүй сайхан болж л байна.

oyun4x5Та залуу үе, хамт олондоо ахмад хүний хувиар, ээж хүний хувиар юу захиж сургахыг хүсдэг вэ?

 Манай хамт олон харьцангуй залуу хүүхдүүд байдаг. Залуучуудтай ажиллах их сайхан. Тэднээсээ эерэг энерги, эрч хүч байнга авдаг. Одооны залуус их сайхан нээлттэй, харилцааны соёлтой болж төлөвшсөнийг би хамт олноосоо олж хардаг. Тиймээс ч би Голомт банкинд ажилд орсондоо ихэд баярлаж явдаг юм. Залуу үедээ захихад ажлын ихээс битгий шантарч байгаарай. Ажлыг битгий голоорой. Хийж байгаа ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, шаргуу хөдөлмөрлөж байгаарай л гэж захимаар байна. Амьдралын туршлагаасаа харахад Голомт банк шиг найдвартай байгууллагад ажиллаж, залуу нас мөнх биш гэдгийг санаж, ирээдүйн тэтгэврийн талаар бодож, эртнээс хуримтлал үүсгээрэй. Өндөр настай болох үед нь их хэрэг болно шүү гэж захимаар байна.

Цаг гарган ярилцсан Д.Оюун эгчдээ баярлалаа. 

Ө.Эрдэнэчимэг