Голомт банк, Бодь группын ажил олгогч ажилтнуудын хамтдаа бүтээсэн Тэтгэврийн Ууган Сан өнөөдөр буюу 2018 оны 7 сарын 2-ны өдөр 8 нас хүрлээ. Тэтгэврийн Ууган Сангийн үе үеийн удирдлага, хамт олон Монгол улсын тэтгэврийн тогтолцоонд шинэчлэл хийж, хувийн тэтгэврийн сан сонгодог утгаараа манай улсад хэрэгжих үндсэн нөхцөл бололцоог эрэлхийлж хичээнгүйлэн ажиллаж ирсэн. Голомт банк, Тэтгэврийн Ууган Сангийн удирдлагын зүгээс хувийн хэвшлээ төлөөлөн төрөөс тэтгэврийн тогтолцооны талаар баримтлах бодлогын баримт бичигт саналаа боловсруулан хүргэж, хувийн тэтгэврийн сангийн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт томилогдон шинэчлэлийн үйл явцад гар бие оролцон ажиллаж ирсэн. Одоо ч ажиллаж байна.
Энэ хугацаанд бид гишүүн байгууллагуудынхаа 2000 гаруй ажилтныг тэтгэврийн хуримтлалтай болгож 2018 оны энэ өдрийн байдлаар 8 гишүүн байгууллагын 1100 гишүүнтэй, 6.3 тэрбумын хуримтлалтай болоод байна. Бид Монгол улсдаа хамгийн том, олон нийтэд нээлттэй хувийн тэтгэврийн сан болох зорилготой ажиллаж ирсэн бөгөөд сүүлийн 2 жилд Бүх гишүүдийн хурлыг цахимаар амжилттай зохион байгуулж, www.tus.mn цахим хуудсын аюулгүй байдлыг хангаж олон нийтэд нээлттэй болгоход бэлэн болоод байна. Ингэснээр манай гишүүд дуртай газраасаа Бүх гишүүдийн хуралдаа оролцох, өөрийн хуримтлалын мэдээллийг шалгах боломжтой болно.
Бидний үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллагч үүсгэн байгуулагч, гишүүн байгууллага болон ирээдүйдээ итгэл төгс хөрөнгө оруулалт хийж буй нийт гишүүддээ Тэтгэврийн Ууган Сангийн 8 жилийн ойн баярын мэнд хүргэж, талархал илэрхийлье.
Хүндэтгэсэн,
Тэтгэврийн Ууган Сан