Тэтгэврийн Ууган Сан ТББ анх үүсгэн байгуулагдсан цагаасаа жил бүрийн 3-р сард Бүх гишүүдийн хурлаа зарлан хуралдуулж өмнөх жилийн үйл ажиллагааны тайлан, бизнес төлөвлөгөөний хураангуйг танилцуулж, санал хүсэлтийг нь хүлээн авч ирсэн уламжлалтай. Мөн энэ үеэр хөрөнгө оруулалтын багцаа өөрчлөх эрхтэй гишүүддээ мэдээлэл өгч, багц сонголтын гэрээ байгуулж ажилладаг.

2019 оны тухайд 3-р сарын Бүх гишүүдийн хурлаар Хяналтын зөвлөлийн сонгуулиа зохион байгуулснаараа онцлог байлаа. Бүх гишүүдийн хурал болон сонгууль www.tus.mn сайтаар онлайн хэлбэрээр зохион байгуулагдсан бөгөөд хуралд нийт 710 гишүүн оролцсон. Үүнээс 611 гишүүний санал Хяналтын зөвлөлийн сонгуульд амжилттай тоологдсоноор ирц 52 хувьд хүрч хурлыг дуусгасан.

Бид амласан ёсоороо хуралдаа идэвхтэй оролцсон нийт 710 гишүүдээсээ Сонгуулийн ажлын хэсгийг байлцуулан Даниэл  Канэманы “Тунгаан Бодох уу, түргэн шийдэх үү” номын 10, Ролф Добэллигийн “Цэгцтэй сэтгэх урлаг” номын 20, нийт 30 азтанаа тодрууллаа. ТУС-ийн гишүүд та бүхэн сугалааны тохиролтой танилцана уу.

Бид Азтан гишүүдтэйгээ холбогдож Улаанбаатар хотод байрлалтай гишүүддээ номыг хүргэж өгнө. Харин орон нутгийн гишүүдийнхээ номыг дотоод шуудангаар хүргүүлэх болно.

Бүх гишүүдийн хуралдаа оролцсон нийт гишүүддээ талархал илэрхийлж, АЗТАН болсон гишүүддээ баяр хүргэе.

Тэтгэврийн Ууган Сан