Саяхан Голомт банкны Ахлах эдийн засгийн шинжээч Г.Ганзоригийн тэтгэврийн системийн талаарх ярилцлага Өдрийн сонинд нийтлэгджээ. Түүний ярилцлагыг та бүхэндээ толилуулж байна.

Эдийн засагч Г.Ганзоригтой ярилцлаа.


-Таны саяхны нийтлэлд манай улсын тэтгэврийн тогтолцоо олон улсынхаас өөр гэсэн санаа харагдсан. Яг юугаараа өөр вэ?

-Манай улсын тэтгэврийн систем хуучирсан. Тэр талаар хөндсөн юм. Өөрөөр хэлбэл олон улсын тэтгэврийн тогтолцооноос манайх арай өөр байна л гэсэн санаа. Зөвлөлт холбоот улсаас салсан улсууд бүгд ижил системтэй гарсан. Тодруулбал, тэтгэврийн ганц тулгуурт тогтолцоотойгоор. Гэхдээ эдгээр улс бүгд ээлж дарааллан тэтгэврийн реформ хийсэн. Тэтгэврийн реформ гэдэг нь тэтгэврийн олон тулгуурт тогтолцоог нэвтрүүлснийг хэлээд байна л даа. Казахстан 1998, Польш 1999, Латви 2001, Болгар 2002, Хорват 2002, ОХУ 2002 онд тогтолцоогоо өөрчилсөн. Харин яагаад ч юм манай улс л үлдчихсэн.

-Тэтгэврийн олон тулгуурт тогтолцоо гэдгээ тодруулаач?

-Иргэн тэтгэвэрт гарах үедээ гурван давхар тэтгэвэр авах боломж бүхий систем юм. Эхний тулгуур нь улсын тэтгэврийн сан буюу олон улсын хэллэг нь нийгмийн хамгаалал. Иргэдийг тэтгэвэрт гарах үед нь суурь хэрэгцээг нь хангах замаар амьдралын баталгааг нь олгодог гэсэн үг. Хүн ажиллах хугацаандаа албан журмаар шимтгэл төлж, тэтгэвэрт гарах үедээ тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хамааран суурь тэтгэврийг тогтоодог эхний тулгуур. Энэ тулгуур нь танил байгаа биз?

-Тийм байна. Манай улсын систем үү?

-Яг тийм. Манай улсын систем. Одоо харин үлдсэн хоёр тулгуур нь манайд харьцангуй шинэ ойлголт. Хоёрдох тулгуур нь хуулиар тогтоосон хувиар хүн бүр өөртөө хуримтлал үүсгэх тухай юм. Энэ тулгуурын хувьд яг л эхний тулгуур шигээ ажил хийж буй хүмүүс заавал төлдөг. Гэхдээ төлсөн мөнгө нь яг өөрийнх нь данс руу нь орно. Жил бүр тэрхүү мөнгө нь өсөн нэмэгдэж байдаг давуу талтай. Тэгээд тэтгэвэрт гарах үед нь мөн л адил хуримтлуулсан мөнгө болон өсөн нэмэгдсэн хувийг нь олгодог. Ийнхүү хүн бүр хоёр давхар тулгуураас тэтгэвэр авч эхэлнэ. Харин гурав дахь тулгуур нь ямар нэгэн улсаас заасан хувь гэж байхгүй. Хувь хүн бүр өөрийн хүссэнээр хувийн тэтгэврийн дансандаа хуримтлуулж болно. Зарим нэг хүмүүс залуудаа айхтар их хөдөлмөрсөн байж болно оо доо. Тэр хүн хангалттай хэмжээний тэтгэвэр тогтоолгохыг хүснэ. Үүнийг л бий болгосон тулгуур юм. Гадаадын иргэд тэтгэвэрт гарахдаа гадаад, дотоодоор зугаалаад байдаг нь ийм учиртай. Гурван тулгуурт тэтгэврийн тогтолцоотой учраас тэтгэврийн насныхан нь аялж зугаалж утга учиртай амьдардаг. Манайд бол зөвхөн эхний анхан шатны хэрэгцээг нь хангах төдий л систем бий.

-Гэхдээ манай систем олон жил явчихсан шүү дээ. Үнэхээр болохгүй байгаа хэрэг үү?

-Би бол шууд тийм гэж хэлнэ. Хэрэв бид тэтгэврийн даатгалын сангийн статистик үзүүлэлтийг харвал сүүлийн зургаан жил тасралтгүй алдагдалтай ажилласан. Жишээ нь 2018 онд улсын төсвөөс 600 орчим тэрбум төгрөгийн татаас авсан хэмээн өөрийн цахим хуудсанд бичсэн байгаа. Тэгсэн атлаа олгож буй тэтгэвэр үнэхээр бага. Дунджаар сарын 340 орчим мянган төгрөг шүү дээ. Энгийн ажил хийгээд явж байсан хүн тэтгэвэрт гармагцаа гурван дахин ядуу болдог.

-Шинэ тогтолцоог нэвтрүүллээ гэж бодъё. Манайханд тэгж их хуримтлал үүсгэх мөнгө байх уу. Дахиад бөөн дарамт биш үү?

-Наад асуудал чинь зөвхөн манайд тулгарсан хэрэг биш. Тийм ч болохоор тэдгээр улсууд үүнийгээ шийдэхийн тулд тодорхой татварын хөнгөлөлтүүд үзүүлдэг юм билээ. Тэгж байж л иргэдэд нь дарамт биш харин эсрэгээрээ амьдралд нь хэрэгтэй хуримтлал үүсдэг. Энэ асуудал зөвхөн манайд тулгамдсан зүйл биш болохоор энэ талаар маш олон судалгааны ажил, ном байдаг.

-Татварын хөнгөлөлт үзүүлэх гэхээр төсвийн алдагдал гэж нэг айхтар юм бий. Алдагдлаа барьж дийлэхгүй асуудалтай нүүр тулах биш үү?

-Манайх ч бас тийм ч татвар багатай улс биш шүү. Яг хувь хүн дээр бодоод үзэхэд орлогоос нь хувь хүний орлогын татвар авна. Нийгмийн даатгалын шимтгэл гээд 25 хувийг авна. Орлогоороо худалдан авалт хийх үед нь НӨАТ гэж 10 хувийн татвар төлнө. Гэтэл тэрхүү бараа нь аль хэдийнээ импортын 0 – 40 хувийг төлсөн байдаг. Ингээд бодохоор багагүй байгаа биз. Үүнээс багахан зэрэг л хөнгөлөлт үзүүлээд, тэр мөнгийг нь иргэнд нь хуримтлал болгож байгаа хэрэг. Тэгээд ч тэр мөнгө ямар Монгол Улсаас гараад явж байгаа биш улсдаа л үлдэж байгаа.

-Хэрэв бид энэхүү системийг нэвтрүүлэхгүй бол юу болох вэ. Манай тэтгэврийн систем дампуурах уу?

-Аль хэдийнээ дампуурчихсан шүү дээ. Ямар ч хувийн компани зургаан жил дарааллан алдагдал хийгээд жишим ч үгүй явахгүй. Тийм ч учраас улсаас тэтгэврийн насыг нэмж нэг үзэж байна. Нийгмийн даатгалын шимтгэлийн хувийг нэмж үзэж байна. Одоо сүүлдээ 2027 он гэхэд 65 хүрч байж л тэтгэвэр авах болсон. Гэтэл монгол эрэгтэй хүний дундаж наслалт 66 . Ердөө нэг л жил тэтгэвэр авах зураг харагдаад байгаа юм. Дампуурсан систем гээд байгаагийн учир нь энэ. Тэгээд болоогүй байгаа мөнгийг нь хаа нэгтээ дампуурах гэж байгаа байгууллагад хадгалаад үгүй хийчихдэг гэсэн яриа дуулддаг.

Ц.Баасансүрэн

Эх сурвалж: https://dnn.mn/%D0%B3-%D0%B3%D0%B0%D0%BD%D0%B7%D0%BE%D1%80%D0%B8%D0%B3-%D0%B3%D1%83%D1%80%D0%B2%D0%B0%D0%BD-%D0%B4%D0%B0%D0%B2%D1%85%D0%B0%D1%80-%D1%82%D1%8D%D1%82%D0%B3%D1%8D%D0%B2%D1%8D%D1%80-%D0%B0%D0%B2%D0%B0%D1%85-%D0%B1%D0%BE%D0%BB%D0%BE%D0%BC%D0%B6%D0%B8%D0%B9%D0%B3-%D0%B1%D2%AF%D1%80%D0%B4%D2%AF%D2%AF%D0%BB%D1%81%D1%8D%D0%BD-%D1%81%D0%B8%D1%81%D1%82%D0%B5%D0%BC%D1%82%D1%8D%D0%B9-%D0%B1%D0%BE%D0%BB%D0%BE%D1%85-%D1%85%D1%8D%D1%80%D1%8D%D0%B3%D1%82%D1%8D%D0%B9/