Байгууллагын хамгийн үнэт капитал болох ажилтнуудын орох, гарах хөдөлгөөн ихсэх нь туршлагатай багийг бүрдүүлэх боломж үгүй болж улмаар байгууллагын хөгжлийн явц удааширдаг аюултай. Бизнес амжилттай байх гол үндэс нь ажилтнуудыг үр бүтээмжтэй ажиллуулдаг, тэднийг сэтгэл хангалуун байлгадаг байгууллагын урамшууллын хөтөлбөрүүд юм. Монголчуудын хувьд ажилтнуудын урамшууллыг цалин нэмэхээр ойлгодог бол өндөр хөгжилтэй оронд ажилтнуудаа үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажиллуулах үндэс болсон байгууллагын хүний нөөцийн олон урамшуулалт хөтөлбөрүүд байдаг. Эдгээрээс ажилтнуудыг хамгийн ихээр татдаг нь байгууллагын тэтгэврийн хөтөлбөр юм.
Ихэнхи монголчуудын хувьд тэтгэврийн асуудал нь зөвхөн өндөр настнуудад хамаатай гэж ойлгодог бол хувийн тэтгэвэр өндөр хөгжсөн орны хувьд иргэд анх ажилд орохдоо л тэтгэврийн хуримтлалдаа анхаарч эхэлдэг. Иймээс ч ажил олгогчийн хувьд ажилтнуудыг татах өрсөлдөөний гол хэрэглэл нь байгууллагын тэтгэврийн хөтөлбөр байдаг.
Ажил олгогчтой холбоотой анхны тэтгэврийн схем 1670 онд Англи улсад үүссэнээс хойш байгууллагын тэтгэврийн хөтөлбөрийг олон орон хэрэгжүүлж байна. 2013 оны байдлаар Англи улсын хөдөлмөр эрхлэгч 18-44 насны иргэдийн 44 хувь нь байгууллагын тэтгэврийн хөтөлбөрт хамрагдсан байдаг бол байгууллагын тэтгэврийн хөтөлбөрөөр дэлхийд тэргүүлэгчид болох Финланд, Исланд, Норвеги, Щвейцарь орнуудын нийт хөдөлмөр эрхлэгчдийн 70-80 хувь нь харин Дани, Голланд, Швед орнуудын хувьд 60 хувь нь хамрагдсан байдаг. /Эх сурвалж: OECD, Pensions at a Glance, 2011/
Англи улсын байгууллагын тэтгэврийн хөтөлбөрт хамрагдагсад
Манай орны хувьд сарын дундаж тэтгэврийн хэмжээ 2012 онд 191.9 мянган төгрөг, 2013 онд 216.7 мянган төгрөг байсан бол харин хувийн тэтгэврийн тогтолцоо сайн хөгжсөн Голланд улсын хувьд иргэдийн сарын дундаж тэтгэвэр 4825$, Дани орны хувьд 4667$ болон бусад орнуудын хувьд дараах байдалтай байна. /Эх сурвалж: OECD, Pensions at a Glance, 2013/
Байгууллагын тэтгэвэрийн хөтөлбөрт хамрагдах үндсэн шалгуур нь иргэдийн хөдөлмөрийн болон мэргэжлийн харилцаа юм. Хөдөлмөрийн аюултай, хортой нөхцөлд ажилладаг, ийм нөхцөлд ажилласны улмаас дундаж наслалт буурах, эрт хөдөлмөрийн чадвараа алдах магадлал өндөртэй ажилчдын дунд илүү эрэлт өндөртэй байдаг.
Байгууллагын нэмэлт тэтгэвэрийн эрэлтийг тодорхойлоход хамгийн чухал үзүүлэлт нь улсын тэтгэврийн хэмжээ байдаг ба Дэлхийн банкны судалгаагаар ирээдүйд манай орны тэтгэврийн хэмжээ цалингийн 30 хувь хүртэл буурахаар байна. Мөн монгол улсын тэтгэврийн насыг нэмэгдүүлэх бодлогыг холбогдох яамнаас дэвшүүлсэн нь ийм төрлийн хөтөлбөрүүдийн эрэлт нэмэгдэж, ирээдүйд ажилтнуудын гол сонголт болохоор байна.
Манай орны эдийн засгийн хурдацтай хөгжил, 1990-ээд оны хүн амын өсөлт буурсан, өндөр ур чадвар бүхий ажилтны эрэлт нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа нь ирэх арван жилд өндөр ур чадвартай ажиллах хүчний төлөө өрсөлдөөнийг нэмэгдүүлэх төлөвтэй байна.
Монгол улсын Засгийн газраас тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд шилжихээр шийдвэрлэсэн ба уг тогтолцоо нь суурь тэтгэвэр, төрийн тэтгэвэр, хувийн тэтгэвэр гэсэн 3 давхаргыг агуулдаг. Тус шийдвэрийн хүрээнд хувийн тэтгэврийн тогтолцоог бий болгох, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, зохицуулах хуулийн төслийг боловсруулах зорилго бүхий хэд хэдэн ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд гадны орнуудын туршлагын нөлөө, нэмэлт тэтгэврийн хуримтлалын эрэлт хэрэгцээ, шаардлагаар иргэд хөдөлмөр эрхлэгчдийн болон ажил олгогчдын хүсэл сонирхолын огтолцол дээр хувийн тэтгэврийн сан мөн байгууллагын тэтгэврийн хөтөлбөрүүд үүсч байгаагаас тэдгээрийн манлайлал болсон хувийн тэтгэврийн сангийн сонгодог хувилбарыг Монгол улсад хэрэгжүүлэгч Тэтгэврийн Ууган Сан /ТУС/ юм.
ТЭТГЭВРИЙН УУГАН САН /ТУС/ нь 2010 онд Монгол улсын анхны хувийн тэтгэврийн сан болон байгуулагдсан. Энэ хугацаанд нийт 13 байгууллагатай хамтран ажиллаж тэдгээрийн ажилтнуудад тэтгэврийн нэмэлт хуримтлалыг бий болгох, хуримтлуулсан мөнгөн хөрөнгийг хөрөнгө оруулалтын үйл ажиллагаагаар ханшийн болон бусад санхүү, эдийн засгийн эрсдлээс хамгаалахад зорин ажилладаг.
ТУС сан нь Голомт банкны мэдлэг, туршлагатай багаас бүрдсэн удирдлагын болон хяналтын зөвлөл бусад хороодын бүтэцтэй ба үйл ажиллагаандаа нээлттэй, ил тод байх зарчмыг баримтлан ажилладаг. Санхүүгийн өдөр тутмын үйл ажиллагаа, гишүүдийн хуримтлал, хөрөнгө оруулалтын тооцоо, бүртгэлийг мэргэжлийн програм хамгамжийг ашиглан гүйцэтгэдэг.
ТУС сан нь хөрөнгө оруулалт эрсдлийн удирдлагын бодлогын хэрэгжилтийг хангах, хөрөнгө оруулалт хийх шийдвэр гаргах, оруулсан хөрөнгө оруулалтын өгөөжийг дээшлүүлэх зорилго бүхий Хөрөнгө оруулалтын хороотой ба мэргэжлийн хөрөнгийн удирдлагын баг болон гадаад, дотоодын брокер, диллерийн компаниудтай хамтран ажиллаж байна.
Дотооддоо чиглэсэн үйл ажиллагаанаас гадна Монгол улсын хувийн тэтгэврийн тогтолцоонд шинэчлэл хийхэд идэвхитэй оролцон Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хамрагдан ажиллаж, Монгол улсын Эдийн засгийн форум түүний хүрээнд зохион байгуулагдсан хэлэлцүүлэгт оролцон өөрсдийн үзэл бодол, дуу хоолойгоо хүргэж байна.
Ш.Есөнхишиг