Тэтгэврийн Ууган Сан /ТУС/ нь Монгол улсад хувийн тэтгэврийн тогтолцоог бүрдүүлэх, гишүүдээ ирээдүйн баталгаагаа хангах тэтгэврийн хуримтлалтай болгох, гишүүдийнхээ хуримтлалын үнэ цэнийг бууруулахгүй байх үндсэн зорилго бүхий гишүүддээ үйлчлэх, төрийн бус байгууллага юм.
Бид үндсэн зорилгынхоо хүрээнд жил бүр хөрөнгө оруулалтын үр дүнгээ тооцож, гишүүддээ хөрөнгө оруулалтын өгөөж хуваарилдаг. 2019 оны хөрөнгө оруулалтын үр дүнд бид хөрөнгө оруулалтын Багц 1-ийг сонгосон гишүүддээ 15.16 хувь, Багц 2-ыг сонгосон гишүүддээ 13.13 хувь, Багц 3-ыг сонгосон гишүүддээ 11.11 хувийн өгөөж, нийт дунджаар 13.17 хувийн өгөөж хуваариллаа.
ТУС-ийн хөрөнгө оруулалтын хаваарилалт, өгөөжийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу. Мөн ТУС-ийн гишүүд мэдээний төгсгөл хэсэгт оруулсан зааврын дагуу хуримтлалаа шалгаарай.
Хөрөнгө оруулалт ба багцийн хуваарилалт
Тэтгэврийн ууган сан нь хөрөнгө оруулалт эрсдэлийн удирдлагын бодлого, гишүүдийн эрсдэл өгөөжийн сонголтын хүрээнд сангийн хөрөнгө оруулалтын стратеги, бодлогын дагуу гишүүдийнхээ хуримтлалыг удирдан ажилладаг.
2019 онд бүх гишүүдийн хурлаар хөрөнгө оруулалтын багцаа өөрчлөх боломжтой нийт 468 гишүүнээс 42 гишүүн багцаа өөрчиллөө. Харин багц сонголтоо өөрчлөхийг хүсээгүй болон хариу ирүүлээгүй нийт 420 гишүүний өмнөх багцын сонголтыг үргэлжлүүллээ. Сангийн гишүүнчлэл, багц сонголтын хөдөлгөөний үр дүн 2018 оны багц сонголтоос өөрчлөгдөөгүй байна.
2019 онд жилийн дунджаар 5.6 тэрбум төгрөгийн хуримтлалыг гишүүдийн багц сонголт болон Хөрөнгө оруулалт, эрсдэлийн удирдлагын бодлогын дагуу Зэрэглэл 1-ийн хөрөнгө оруулалтад 86.6 хувийг, Зэрэглэл 2-ын хөрөнгө оруулалтад 13.4 хувийг байршуулж ажиллаа.
2019 онд ТУС дунджаар 13,17 хувийн өгөөж хуваариллаа.
2019 онд банкуудын жилийн хадгаламжийн жигнэсэн дундаж хүү 13.2 хувь болж буурсан, дотоодын зах зээлд Засгийн газрын үнэт цаас арилжаалагдаагүй, дотоод болон гадаадын хувьцаануудын ханш унасан зэрэг хөрөнгө оруулалтын орчинд өөрчлөлт ихтэй жил байлаа.
ТУС-ийн хувьд энэ оны 5-р сарыг хүртэл 2 жилийн хугацаатай 18 хувийн өгөөжтэй засгийн газрын бонд, 11-р сарыг хүртэлх 14.9 хувийн хүүтэй хадгаламж зэрэг байсан нь Зэрэглэл 1-ийн хөрөнгө оруулалтын өгөөж хадгаламжтай харьцуулахад өндөр байхад нөлөөллөө.
Говь, Шарын гол, Талх чихэр зэрэг дотоодын хувьцааны ханш хүлээлтээс буурч нийт дотоодын хувьцааны багц 17 хувийн ханшийн алдагдал хүлээлээ. Гадаад валютын ханшийн өөрчлөлт болон хувьцааны ханшийн зөрүүгээр гадаадын хувьцааны нийт багц 31%-ийн ашигтай, компанийн бондын өгөөж 20 хувьтай байсан боловч эдгээр хөрөнгийн хэмжээ Зэрэглэл 2-ын нийт хөрөнгийн 36.41% хувь тул нөлөө багатай байж Зэрэглэл 2-ын хөрөнгө оруулалтын өгөөж -0.37 хувьд хүртэл буурлаа.
2019 онд Тэтгэврийн Ууган Сан нийт хуваарилсан дундаж өгөөж 13.17%, Багц 1-ийн хөрөнгө оруулалтын өгөөж 15.16 хувь буюу хамгийн өндөр байлаа. Гэхдээ энэ нь арилжааны банкуудын 1 жилийн хугацаатай хадгаламжтай харьцуулахад 2%-3%-аар өндөр байна.
ТУС-ийн гишүүн Та дараах заавраар хуримтлалын дэлгэрэнгүй мэдээллээ харна уу.
Тэтгэврийн Ууган Сан