Бид сар шинийн баярын өмнө ТУС-аас хувийн тэтгэвэр авсан ахмадуудтайгаа уулзаж тэднийхээ Голомт банканд ажилласан дурсамж, хадгаламж, хуримтлалын талаар ярилцсан билээ. Энэ удаад Захиргааны газрын СААХ-ийн Үйлчилгээний албаны селесар, мужаан Д. Сүхбаатар гуайн дурсамж, залуустаа хандан хэлсэн үгийг уламжилж байна.
Та Голомт банканд хэзээ ажилд орсон бэ? Банканд анх ажилд орж байсан үеийн дурсамжаасаа бидэнтэй хуваалцахгүй юу?
Манай банк одоогийн энэ Төв оффист 2002 оны 12 сард орж байсан. Би үүнээс яг 1 сарын өмнө Бодь пропертийз ХХК-д сантехникийн ажилтнаар ороод байсан. Тэгсэн 2002 оны 12 сарын 01-ний өдөр Ганболд захирал “За Сүхээ, чи өнөөдрөөс эхлээд манай Голомт банкны хүн боллоо шүү. Өнөөдрөөс тушаал чинь гарна шүү” гээд 2002 оны 12 сарын 02-ны өдрөөр миний тушаал гарч байсан. 2003 оны 5 сард үндсэн ажилтны тушаал гарсан. Энэ оны 12 сард үндсэндээ 18 жил болох гэж байна.
Өөдлөх айл үүднээсээ гэж өглөө эрт ирээд үүдээ шүүрдээд, цастай бол цас арилганадаа. Дараа нь татан авалтын бараа, ширээ, сандал зөөгөөд, засаад, сантехник хариуцаад ажилладаг байлаа. Тэр үед салбарууд цөөхөн байлаа. Одоо бол олон салбартай ч болж тэр хэрээр ажил ч их байна. Олуулаа ч ажиллаж байна.
Манай Голомт банк тухайн үед зоогийн заалтай байсан. Эхэндээ энэ Төв оффисын 5 давхарт нэг, Төв салбарт нэг, сүүлд 2-р оффист нээгдсэн. Энэ гурван гал зуухны хоол хүнсийг би цуглуулдаг байлаа. 14 хоногт 1 удаа. 3 цайны газрын хоол хүнс гэдэг асар их. Долоо хоног бүр явна. Хүнсийг цуглуулахдаа хэдэн хуруундаа нэгэнд нь 5 кг, нөгөөхөд нь 13 кг, дахиад нэгд нь 8 кг гээд олон ууттай юм хуруундаа зүүгээд машиндаа аваад очно. Хүнсний ногоо гэхэд өчнөөн олон шуудай байцаа, төмс, лууван гээд бүгдийг зөөнө.
Гаднаас бичиг хэрэг, бараа ирэхэд зөөнө. Одоогийнх шиг тэргээр зөөнө гэж байгаагүй. Портер бичгийн цаас ирэхэд зөөж оруулна. Хайрцагтай бичгийн цааснуудын хүнд гэж. Мандах няравыг ажиллаж байх үед аж ахуйн туслах ажилд Баатарболд бид 2-оос өөр хүн байгаагүй. Сүүлд Баатарболд гуай хэлж, ярьж байж тэрэгтэй болсон. Ажлыг арай хөнгөвчилж өгсөн.
Банкны гарааш, сантехникийг хариуцна. Эвдэрч хэмхэрвэл засна. 2002 оны өвөл гараашийн дулааны шугам цоороод. Би барилгын сантехникээр ажиллаж байхдаа гагнуур хийж сурсан тэр туршлагаараа шөнө хүмүүсийн ухаад өгсөн нүхэн дотор орж эвдэрсэн хоолойг гагнаж байлаа. Өвөл, шөнө өөдөөс уур савсаад юм хийж болдоггүй хүнд байдаг. Тэр дор нь гагнаад, таглаад өгсөн. Ганболд захирал маш хурдан арга хэмжээ авсан байна гэж сайшаан, шагнаж байсан. Манай банкны байран дээр оврын гэрэлтэй шон байдаг тэрийг гагнаж бас шагнуулж байлаа. Гараашийн гадна дулааны шугам эвдэрч муудсан байсныг 2003 онд сольж байсан. Би Голомт банкандаа 17 жил ажиллаж байна.
Та Тэтгэврийн Ууган Санд анх яаж элссэн бэ?
Тэр үед (2012 он) манай СААХ-д нягтлан бодогч Хулан гэж байсан. Тэр охин танд ТУС хэрэгтэй гээд элсүүлж байсан. ТУС-ийн хуримтлал цалингаас сар бүр бага хэмжээгээр автоматаар татагдчихдаг болохоор ямар ч хүндрэлгүй. Хэрэглээд дуусвал дороо шүү дээ. ТУС-ийн хуримтлал минь байгаа даа, тэтгэвэрт гарахаараа л авна даа гэж бодож байсан. Өнгөрсөн жил хувийн тэтгэврээ аваад, нэмж хадгаламжаа аваад сайхан агаартай газар 2 айлын хэмжээтэй, хашаа байшин авлаа. Цэвэр агаарт их сайхан байгаа.
Та тэтгэврээ тогтоолгоод удаагүй байгаа. Бидэнд тэтгэврээ хэрхэн тогтоолгосон. Таны амьдралд хэр хүрэлцээтэй байгаа талаар ярьж сонирхуулбал болох уу?
Би их барилгын үед барилга дээр, Их тэнгэрийн аманд 8 жил, Хүрд компанид нэлээн олон жил сантехникчээр ажиллаж байсан. Тэгээд Голомт банкандаа 17 жил нийтдээ 42 жил ажиллаж тэтгэврээ тогтоолгосон. Техник мэргэжлийн сургуульд сурсан 2 жил маань хасагдсан. Нийгмийн даатгал төлсөн зарим бичилт нийгмийн даатгалд бүртгэлээс зөрүүтэй байна гэсэн. Тэрийг засуулах гээд байгууллагаасаа хуулга авсан. Засуулчих юм бол хэдэн хувь нэмэгдэх юм билээ. Шимтгэл төлсөн дүнгээ бас шалгаж баймаар юм билээ шүү. Би өндөр төлсөн дараалсан жилүүдээ сонгоогүй. Намайг нийгмийн даатгалын дэвтрээ өгчих тэгээд болоо л гэсэн. Яаж бодсоныг нарийн сайн мэдэхгүй байна. Би нийгмийн даатгалын гурван ч дэвтэр өгсөн. Тэтгэвэр яах вэ гайгүй бодогдсон.
Та гэр бүл хүүхдүүдийнхээ төлөө их зүтгэсэн хүн байна. Үлгэр дуурайлтай, бахархууштай эцэг хүн байна. Та залуу үедээ юу гэж захимаар байна вэ?
Би чинь Техник мэргэжлийн сургуулийг сантехникчээр төгссөн. Амьдралын туршлагаар хийн гагнуур хийж сурсан. Тийм болохоор хааяа хүмүүсийн захиалгаар нам даралтын зуух хийж өгнө. Зуух хийгээд 2, 3 өдөр ажиллаад 600 мянган төгрөг олж ирээд эхнэртээ өгөхөд өдөртөө л дуусна шүү дээ. Тэгэхээр талыг нь ч гэсэн хадгалчих хэрэгтэй. Би тэгж хадгалсан тулдаа охидынхоо их сургуулийн төлбөрийг хадгаламжаасаа төлдөг байлаа.
Манай бага охин бүжигчин хүн. Өөрөө их хямгач, ямар ч байсан их олон жил хуримтлуулж байна. Манай 6 настай зээ охин бий. Хүн мөнгө өгөхөөр миний хуримтлалд хийгээрэй гэдэг гэж байгаа. Ээж нь хааяа хэрэг гараад хүүхдээсээ зээлэхээр, ээж миний мөнгийг хадгаламж руу хийгээрэй гэдэг. Ээжээсээ илүү хямгач, сүрхий, хөөрхөн охин бий.
Залуучууддаа хандаж хэлэхэд “хадгаламжийг заавал тийм зорилгоор, ийм зорилгоор гэж хадгалах хэрэггүй. Амьдралд юу ч тохиолдож болно. Хүн өвдөж болно. Гэнэт гадаад дотоод явах боломж гарч болно. Хүн хэрэглээгээ хэмнэж, ирээдүйдээ хуримтлуулах хэрэгтэй. Мөнгийг үрэх амархан. Гэр бүлийнхээ ирээдүйд зориулж хуримтлуулж байх хэрэгтэй гэж захимаар байна. Энэ үгийг би хүүхдүүддээ ч хэлдэг юм.
Цаг зав гарган бидэнтэй уулзаж, чин сэтгэлээсээ ярилцсан танд баярлалаа. Та сайхан шинэлээрэй.
Нийт хамт олондоо удахгүй болох сар шинийн мэнд, Голомт банкныхаа 25 жилийн ойн баярын мэнд, ТУС-даа 10 жилийн ойн баярын мэнд хүргэж, аз жаргал хүсье.