Сар шинийн баярын өмнө ТУС-аас хувийн тэтгэвэр авсан Бүртгэл тооцооны газрын АТМ-ийн албаны жолооч А.Бямбасүрэн гуайн дурсамж, залуучууддаа захисан үгийг уламжилж байна.
Та Голомт банканд хэзээ ажилд орсон бэ?
Би Голомт банканд анх 1997 онд ажилд орсон. Голомт банкандаа 23 жил ажиллажээ. Над шиг 23 жил ажилласан хүн цөөхөн байгаа. Одоо удахгүй Голомт банкны маань 25 жилийн ой болж байна. Том банканд ажиллаж, найдвартай сайхан ажлын байртай байж, тэтгэвэрт гарсандаа ах нь баярлаж явдаг. Банкандаа 25 жилийн ойн баярын мэнд хүргэмээр байна.
Та Тэтгэврийн Ууган Санд анх яаж элссэн бэ?
2014 онд жолооч нарын тооцоо хийдэг байсан СААХ-ийн жижиг Отгоо нэг өдөр Бямбаа ахаа та ТУС-д элсэх хэрэгтэй гээд шууд элсүүлж байсан. Тэгээд ТУС-ийн хуримтлал гээд цалингаас сар бүр шууд татагддаг байсан нь амар байсан. Цалингаас шууд бодчихдог болохоор юу ч мэдэгдэхгүй. Тэр мөнгөөр идэх, уух юм авбал цагийн дотор л дуусна ш дээ. Тэгээд тэтгэвэрт гарахдаа байгууллагаас өгсөн хуримтлал, ТУС-ийн өгөөжтэй нийлээд 2 дахин өсгөөд авсан ш дээ.
Та хуримтлалаа аваад юу хийсэн бэ?
Хуримтлалаараа хадгаламжаасаа хэдэн төгрөг нэмээд Прусс 20 машин авсан. Машинаараа таксинд яваад байгаа. Гэртээ уйдахгүй, орлоготой, болж байна аа. Ойр хавийнхаа настайчуудтай танил болсон. Тэр хэд маань такси хэрэг болохоороо над руу залгадаг юм. Би энгийн таксинаас арай хөнгөлөлттэй үйлчилчихнэ. Хэн хэндээ хэрэгтэй байдаг.
Та сая хадгаламжийн талаар цухас дурдлаа. Та хадгаламжийн талаар юу гэж боддог вэ?
Нууцгүй хэлэхэд би банканд их сайн хадгалдаг. Цалингаасаа, халтуур хийж олсон мөнгө, урамшууллаасаа заавал хадгаламж хийдэг байсан. 1997 онд анх хүүхдүүддээ хадгаламжийн дэвтэр нээж, хадгаламжаар 2 хүүхдээ нэг, нэг өрөө байртай болгосон. Одоо ч хийж байгаа.
1970-д онд би эхнэртэйгээ хурим хийх гэсэн мөнгө байхгүй. Тэгсэн миний аав хуримаа хий гээд 8000 төгрөг банкан дахь хадгаламжаасаа гаргаж өгч байсан. 8000 төгрөг гэдэг бол тухайн үедээ том тоо шүү дээ. Аав маань тэр хадгаламжийг гаргаж өгсөн үеэс би мөнгө хадгалах зуршилтай болсон доо.
Та бидэнд тэтгэврээ хэрхэн тогтоолгосон, таны амьдралд хэр хүрэлцээтэй байгаа талаар хуваалцаач?
Би 41 жилээр тэтгэвэр тогтоолгосон. Миний тэтгэвэр санаснаас сайн бодогдсон. Хэдэн хувиар яаж бодсон нарийн ширийнийг сайн мэдээгүй ээ. Гэхдээ нэг юм нь миний 41 жил төлсөн 100 гаран сая төгрөгийг би хэрхэн авах нь надад хамаагүй, өвлөгдөхгүй гэхээр онцгүй санагддаг шүү. ТУС-аас бол хэдэн төгрөг хуримтлуулаад, хэдэн төгрөг авах нь тодорхой байдаг учраас санаа амар юм даа.
Та хадгаламжийн талаар залуу үед сургамж болмоор сайхан туршлагатай хүн байна. Манай зарим нэг залуучууд өнөөдөр мөнгө хэрэг боллоо гээд ТУС-д 200, 300 мянган төгрөг байна авмаар байна гээд сандардаг юм. Та залуучууддаа юу гэж захих вэ?
Би цалин буусан үед нэг хэсгийг нь заавал хадгаламждаа хийдэг байсан. ТУС-аас гадна шүү дээ. ТУС-ийг бол тэтгэвэрт гарахдаа л авна гээд зорилго тавьсан болохоор боддог ч үгүй байсан. Залуучууддаа гэж захихад хадгаламжийг гэр бүлийнхэн, найз нөхдөдөө хэлээд байх хэрэггүй. Тэгвэл хуримтлуулж чадахгүй. Амьдралд янз бүрийн зүйл тохиолдоно. Онцгой шаардлагагүй бол хадгаламждаа гар хүрэх хэрэггүй. Хэд хэдэн хадгаламжтай бол зайлшгүй хэрэг гарвал нэгийг нь цуцлаад авч болно. Цаана нь бага ч гэсэн нөгөө хэсэг нь үлдэнэ шүү дээ.
Залуучууд гэр бүлтэй болоод, хүүхдүүд нь том болоод их дээд сургуульд ороод эхлэхээр их сайн ойлгоно оо. Би 2 хүүхэдтэй. Их сургуулийн төлбөр, төгсөлтийн баяр, хуримын зардал гээд тэр бүрийг хадгаламжаараа л зохицуулсан шүү дээ. Эхнэр маань хааяа хадгаламжтай гэдгээ надад хэлэхгүй яасан юм бэ гэдэг юм. Би та нарт хэлэлгүй ингэж хадгалаагүй бол хэн энэ бүх төлбөрийг төлөх байсан юм бэ гэдэг. Нээрээ л тийм дээ гээд тайвширна даа. (Инээв)
Эрчүүддээ тусгайлан захихад цалингаасаа нэг хэсгийг нь заавал хадгалж бай. Нэг гараад л наргиж наадахад үрэх мөнгийг гэр бүл, ирээдүйнхээ төлөө хадгалж бай. Айл гэр толгойлж яваа хүн санхүүгийн асуудлаа өөрөө шийдэж байхгүй бол хэнээс гар харж суух билээ. Үрээд хэрэглээд байвал хэрэглээ барагдахгүй их.
Залуучууддаа дэлгэрэнгүй сайхан зөвлөгөө өгсөн танд баярлалаа. Таны туршлага зөвлөгөөг сонсоод банкны ажилтнууд бүгд амьдрал дээрээ тань шиг “ЖИНХЭНЭ САНХҮҮЧ” байх ёстой юм байна гэж бодогдож байна. Та сайхан шинэлээрэй. Баярлалаа.
Энэ жил Тэтгэврийн Ууган Сангийн 10 жилийн ой болж байгаа юм байна. Тэтгэврийн Ууган Сангийнхаа нийт хамт олонд аз жаргал хүсч, олон олон хүнийг ТУС-даа элсүүлж, хуримтлалтай болгож баяр хөөр, аз жаргал бэлэглээрэй гэж хүсмээр байна. Баярлалаа.
Тэтгэврийн Ууган Сан