Тэтгэврийн сан нь ажил олгогчын дэмжлэгтэйгээр ажилтуудыг тэтгэврийн насанд хүрэх үед хангалттай тэтгэврийн орлогоор хангах зорилготойгоор урт хугацаанд тогтвортой өсөлтийг бий болгодог мөнгөн хөрөнгийн санг хэлдэг.

Улс орнуудын хөгжил, эдийн засгийн нөхцөл байдал, нийгмийн хамгааллын бодлого, тухайн оронд хэрэгжиж буй тэтгэврийн тогтолцооны хэлбэрээс хамааран Тэтгэврийн сангууд нь төрийн болон хувийн хэлбэрээр зохион байгуулагддаг. Тэтгэврийн сан нь ард иргэдээс тэдгээрийн хуримтлалыг төвлөрүүлж, хуримтлуулсан мөнгөн хөрөнгийг санхүүгийн болоод хөрөнгийн зах зээлээр дамжуулан эдийн засгийн үр ашигтай салбаруудад хөрөнгө оруулалт хийж, оруулсан хөрөнгө оруулалтын өгөөжөөр иргэдийн ирээдүйн тэтгэврийн орлогыг бий болгож байдаг томоохон институциональ хөрөнгө оруулагч юм.

Энэ ч утгаараа олон улсад тэтгэврийн сангууд нь хувьцаат болон хаалттай компаниудын томоохон хувь нийлүүлэгч,  хувьцаа эзэмшигч нь байдаг бөгөөд олон улсын хөрөнгийн зах зээл, хөрөнгийн биржүүдийн томоохон тоглогчдын нэг нь байдаг. 2014 оны 1 дүгээр сарын байдлаар /Global Pension Asset Study 2013 Tower Watson судалгаа/ дэлхий даяарх институциональ хөрөнгө оруулагчдын нийт хөрөнгийн 28% нь зөвхөн тэтгэврийн сангуудын хөрөнгө эзэлж байна.

Тэтгэврийн сангийн бусад институциональ хөрөнгө оруулагчдаас ялгарах гол онцлог нь урт хугацааны, эрсдэл багатай хөрөнгө оруулалтыг хийхэд оршино. Учир нь энэ нь маргаашийн ашгийг бус хэдэн арван жилийн дараах хөрөнгө оруулалтын өгөөжийг тооцож байж хөрөнгө оруулалт хийх шаардлага тулгарч байдагтай холбоотой. Өнөөдөр та 25 настай тэтгэврийн санд элсэж ирээдүйн тэтгэврийн хуримтлал бий болгохоор шийдвэрлэсэн бол тэтгэврийн сан нь таны оруулсан хуримтлалыг 25-30 жилийн дараа ч үнэ цэнээ алдалгүй, өсөж байхуйц санхүүгийн хэрэгслүүдэд хөрөнгө оруулдаг.

niitlel-3

Түүхэндээ Тэтгэврийн сангууд нь хөрөнгийнхөө дийлэнх хэсгийг мөнгөний зах зээлийн хэрэгслүүд,  засгийн газрын бонд,  өндөр үнэ цэнэ бүхий компанийн хувьцаанд,  багахан

хэсгийг алтернатив хөрөнгө оруулалтууд болох үл хөдлөх хөрөнгө, хаалттай компаниудын хувьцаа, хэджи сангууд, мөн дэд бүтцийн болон эрчим хүч, дулаан, усан хангамжийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компанидуудад шууд хөрөнгө оруулалт хийх замаар хөрөнгө оруулалтуудыг хийж ирсэн байна. 2008 оны эдийн засгийн хямралаас өмнө Тэтгэврийн сангуудын дэд бүтцийн салбарт хийж байсан хөрөнгө оруулалт нь нийт тэтгэврийн сангуудын хөрөнгийн ердөө 1%-ыг эзэлдэг байсан.

Towers Watson байгууллагаас тэтгэврийн тогтолцоо өндөр хөгжсөн 13 орны зах зээлийн судалгааг гаргадаг бөгөөд 2013 оны эцсийн байдлаар нийт хөрөнгө нь 32 их наяд ам.доллар бөгөөд энэ нь дээрх орнуудын нийт ДНБ-ны 83,4%-тай тэнцүү байна. Дээрх орнуудын тэтгэврийн сангийн хөрөнгүүд нь дараах байдалтай байна.

Харин 2013 оны эцсийн байдлаар тэтгэврийн тогтолцоо өндөр хөгжсөн орнуудын тэтгэврийн сангууд нийт хөрөнгийнхөө 52%-ыг хувьцаа, 28%-ийг бонд, 1%-ийг бэлэн мөнгө, үлдсэн 18%-ийг нь үл хөдлөх хөрөнгө болон  алтернатив хөрөнгөд хөрөнгө оруулалт хийсэн байна. Харин 2012 оны байдалтай харьцуулахад бонд болон бусад төрлийн хөрөнгө оруулалтуудаас илүү хувьцаанд хөрөнгө оруулалт хийх хандлага нь ихэссэн бөгөөд АНУ, Австрали, Англи улсуудын хувьд тэтгэврийн сангийн хөрөнгийн дийлэнх хэсгийг энэ төрлийн хөрөнгө оруулалт эзэлдэг бол Голланд, Япон, Швейцарь улсуудын хувьд илүү уламжтлалт хөрөнгө оруулалтын стратегийг баримтладаг бөгөөд хөрөнгийн дийлэнх хэсгийг бондын зах зээлд хөрөнгө оруулалт хийдэг байна.

1995 оноос хойш Тэтгэврийн сангуудын бонд болон бэлэн мөнгөнд хийх хөрөнгө оруулалтууд нь багассан бөгөөд харин хувьцаанд оруулах хөрөнгө оруулалт эсэргээр 49%-52% хүртэл, алтернатив хөрөнгө оруулалт нь 5%-18% хүртэл өссөн байна. 2013 оны байдлаар АНУ, Австрали,  Англи улсуудын хувьд хувьцааны хөрөнгө оруулалтуудыг дээрх орнуудын дундажтай харьцуулахад харьцангуй өндөр хэмжээгээр хийсэн бөгөөд харин  Голланд, Япон орнуудын хувьд бондын  зах зээл дээр илүү хөрөнгө оруулалтуудыг тус тус хийсэн байна

Манай орны хувьд дээрх тэтгэврийн тогтолцоо өндөр хөгжсөн орнуудын туршлагаас судлан монголдоо  анхны хувийн тэтгэврийн  санг  байгуулан иргэд, ажил олгогчын хуримтлалыг санд  төвлөрүүлэн мэргэжлийн хөрөнгө оруулалтын байгууллагуудаар дамжуулан олон  улсын жишигт нийцсэн хөрөнгө оруулалтуудыг хийж тэтгэврийн сангийн гишүүдийн ирээдүйн тэтгэврийн хуримтлаллын үнэ цэнийг өсгөх зорилготойгоор ТУС сан ажиллаж байна. ТУС сан нь Хөрөнгө  оруулалт,  Эрсдлийн удирдлагын бодлогын хүрээнд зохистой түвшинд гишүүдийн хуримтлалыг  хамгаалах, хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэх гол зорилготойгоор гишүүдийн хуримтлалыг аль болох урт болон дунд хугацааны хөрөнгө оруулалтыг хийж  ажиллаж байна.

Одоогийн байдлаар ТУС сан нь гишүүдийн хуримтлалыг гадаад, дотоодын хөрөнгө бирж дээр арилжаалагдаж буй үндэсний томоохон хэмжээний компаниудын хувьцаа, засгийн газрын үнэт цаасуудад хөрөнгө оруулалт хийж байна.

М.Мөнхцэцэг