Манай улсад иргэдийн тэтгэврийн харилцаа нь УИХ-аас 1994 онд батлагдсан нийгмийн даатгалын багц хуулиудаар зохицуулагддаг ба 1995 оноос тэтгэврийн даатгалын тогтолцоог нэвтрүүлсэн. Ирээдүйд бий болох хүн ам зүйн ачааллын өсөлт, насжилтыг угтаж тэтгэврийн даатгалын тогтолцоог шинэчлэх зорилтыг дэвшүүлж, УИХ-аас 1999 онд “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар 2021 он хүртэл баримтлах үндсэн чиглэл” болон “Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хууль”-ийг баталж, тэтгэврийн шинэчлэлийн талаар дунд, урт хугацаанд мөрдөн ажиллах бодлогыг тодорхойлсон байдаг.
Гэвч өнөөдрийг хүртэлх хугацаанд дээрх зорилтыг хангах шинэчлэл хараахан хийгдээгүй бөгөөд эв санааны нэгдлийн зарчмаар шимтгэлийн орлогоор тэтгэврийн зардлаа санхүүжүүлдэг хуваарилалтын тогтолцоог хэрэгжүүлсээр байна. Хэрэв энэхүү тогтолцоог хэвээр хадгалан, цааш үргэлжлүүлбэл тэтгэврийн сангийн алдагдал өсч төсвийн ачаалал нэмэгдсээр урт хугацаанд ДНБ-ний 12%-д хүрэх Дэлхийн банкны тооцоо гарсан байна.
Мөн судалгаагаар манай улсын өндөр насны тэтгэвэр нь дунджаар тэтгэвэр авагчийн сүүлийн цалингийн 50-60 хувьтай тэнцүү байгаа бол ирээдүйд энэ тоо 30 хувь хүртэл буурахаар байна.
Эх сурвалж: ХАХНХЯ, “Монгол улсын тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийн асуудлууд” уулзалт хэлэлцүүлэг 2014.02.25-ны өдөр.
Өнгөрсөн 2014 оны байдлаар Нийгмийн даатгалын сангийн нийт орлого 1,387 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд сангаас тэтгэвэр тэтгэмж төлбөр, эмнэлгийн тусламж, нийгмийн даатгалын үйлчилгээнд нийтдээ 1,301 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Нийгмийн даатгалын сангийн орлогыг дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулахад 2014 оны байдлаар 6.1% байгаа нь өмнөх оны үзүүлэлтээс 0,4%-аар өссөн байна. Ажил олгогч, даатгуулагчдын шимтгэлээс бүрдэж буй нийгмийн даатгалын сангийн орлого нь тухайн жилийнхээ сангийн зарлагыг хаах төдийд л хүрэлцэхүйц байна.
Харин гадны улс орнуудын хувьд олон давхаргат тэтгэврийн тогтолцоог хэрэгжүүлж, иргэд нь төрийн болон хувийн тэтгэврийн сангуудад хамрагдаж үйлчилгээ авдаг.
Австралийн Mercer компанийн 2013 оны судалгаагаар дэлхийн хөгжилтэй орнуудын тэтгэврийн сангуудын индексийг тоцоолж, хамгийн шилдэг тэтгэврийн тогтолцоотой орнуудын судалгааг гаргасан. Үүнд: Дани, Голланд, Австрали улсууд тэтгэврийн тогтолцоогоор тэргүүлж байгаа бол Голланд, Англи, Швейцарь улсуудын ЗӨВХӨН ТЭТГЭВРИЙН САНГУУДЫН ХӨРӨНГӨ нь аль хэдийнээ тухайн улсын дотоодын нийт бүтээгдэхүүнээс давсан үзүүлэлттэй байна.
Эдгээр орнуудын хувьд тэтгэврийн тогтолцоонд хамрагдагсадын хүрээ өргөн, төрийн тэтгэврийн зэрэгцээ хувийн тэтгэврийн тогтолцоог хэрэгжүүлдэг, тэтгэврийн хуримтлалын дүн өндөр, эрх зүйн зохицуулалт маш сайтай байдаг байна.
Харин манай улсын хувьд 2014 онд нийгмийн даатгалын сангийн орлогын ердөө 69%-ийг буюу 959 тэрбум төгрөгийг зөвхөн тэтгэврийн даатгалын сангийн шимтгэлийн орлогоос бүрдүүлж, нийт 242 200 тэтгэвэр авагчдад 725 тэрбум төгрөгийн өндөр насны тэтгэврийг олгожээ. Эндээс үзвэл нэг тэтгэвэр авагч сард дунджаар МУ-ын иргэний сарын дундаж цалингийн 50 хувьд ч хүрэхээргүй хэмжээний мөнгийг буюу 249 600 төгрөгийн тэтгэврийг авчээ.
Харин тэтгэврийн систем өндөр хөгжсөн орнууд болох Голланд улсад иргэд нь сард 4825$-ийг тэтгэвэрт авдаг бол /энэ нь Голланд улсын иргэдийн дундаж цалингийн 90% -тай тэнцүү/, Швед 3352$, Герман 2078$, Англи 1521$, АНУ 1499$ харин монгол улсад тэтгэврийн насныхан маань Голланд улсаас 37 дахин, Америк, Англи улсаас 12 дахин бага хэмжээний тэтгэврийг авч байна.
Монгол улсын сарын дундаж тэтгэвэр сүүлийн 5 жилийн байдлаар:
Манайд тулгамдаж буй тогтолцооны асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулах, олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх, тэтгэврийн даатгалын тусгай сан хөтөлбөр бий болгох, ирээдүйн тэтгэврийн нөөц сан, хувийн тэтгэврийн тогтолцоог бий болгох, холбогдох хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх зэрэг үе шаттай ажлуудыг хэрэгжүүлэхээр зорьсон.
Төрөөс олон давхаргат тэтгэврийн тогтолцоог хэрэгжүүлсэнээр иргэд ирээдүйд тэдний санхүүгийн баталгааг хангахуйц тэтгэврийн хангалттай орлогыг төр болон хувийн хэвшлийн байгууллагаас хүртэх, нийгмийн халамжийн үйлчилгээг олон эх үүсвэрээс авах, түүнчлэн урт хугацааны хуримтлал үүсгэж, хөрөнгө оруулалт хийж түүнээс өгөөж хүртэх, ирээдүйн санхүүгийн хангалттай эх үүсвэртэй болох боломжтой юм.Нөгөөтэйгүүр төр нийгмийн халамжийн үүргээ хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж их хэмжээний санхүүгийн нөөцийг бий болгон хуримтлуулж, эдийн засгийн өндөр үр ашиг бүхий салбаруудад хөрөнгө оруулалт хийж, томоохон хэмжээний төслүүдийг санхүүжүүлж улс орны эдийн засгийн хөгжилд ихээхэн нөлөө үзүүлэх боломжтой болдог юм. Жишээ нь: 2014 оны 1 дүгээр сарын байдлаар /Global Pension Asset Study 2013 Towers Watson байгууллагын тэтгэврийн тогтолцоо өндөр хөгжсөн 13 орны зах зээлийн судалгаа/ дэлхий даяарх олон улсын хэмжээний томоохон хөрөнгө оруулагч мэргэжлийн сангуудын нийт хөрөнгийн 28% ийг зөвхөн тэтгэврийн сангуудын хөрөнгө эзэлж нийт дүнгээрээ 32 их наяд ам.долларт хүрээд байгаа бөгөөд энэ нь дээрх орнуудын ДНБ-ны 83.4% тай тэнцэж, олон улсын хэмжээний томоохон төсөл, хөтөлбөрүүд, пүүс компаниудад хөрөнгө оруулалтуудыг хийж, олон улсын хөрөнгийн зах зээл, хөрөнгийн биржүүдийн томоохон тоглогчид болоод байна.
Сүүлийн жилүүдэд манай орны хувьд ч бидэнд тулгамдаад байгаа асуудлуудын хүрээнд төрөөс болон хувийн хэвшлийхний санаачлагаар хувийн тэтгэврийн тогтолцоог бий болгох, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, зохицуулах хуулийн төслийг боловсруулах зорилго бүхий хэд хэдэн ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Мөн гадны орнуудын туршлагын нөлөө, нэмэлт тэтгэврийн хуримтлалын эрэлт хэрэгцээ, шаардлагаар иргэд хөдөлмөр эрхлэгчдийн болон ажил олгогчдын хүсэл сонирхолын огтлолцол дээр МУ-ын томоохон аж ахуйн нэгж байгууллагууд ажилтнууддаа болон иргэдэд зориулан байгууллагын тэтгэврийн хөтөлбөр, урт хугацааны амьдралын даатгалын бүтээгдэхүүн, хувийн тэтгэврийн сан зэрэг өөрсдийн онцлогт тохирсон бүтэц зохион байгуулалт бүхий үйл ажиллгаануудыг амжилттай хэрэгжүүлж эхлээд байна.
Тэдгээрийн манлайлал болсон хувийн тэтгэврийн сангийн сонгодог хувилбарыг Монгол улсад хэрэгжүүлэгч ТЭТГЭВРИЙН УУГАН САН /ТУС/ юм.
М.Мөнхцэцэг