Ажилтнуудтайгаа эрх ашгаа нэгтгэн нэг зорилгын төлөө нэгдэх нь амжилт авчирдаг гэсэн алсын хараагаар анх байгуулагдсан цагаасаа эхлэн хүний үнэ цэнэ, мэдлэг чадварыг үнэлэн, урамшуулж ирсэн Голомт банк ажилтнуудынхаа сайн сайхан, ирээдүйн баталгаат амьдралын төлөө хийж хэрэгжүүлсэн олон томоохон ажлуудын нэг нь 2010 оны 7 сарын 2-ны өдөр Тэтгэврийн Ууган Санг анх үүсгэн байгуулсан явдал юм.
Сайн дурын үндсэн дээр санд нэгдэн орсон ажилтнуудад тэтгэврийн насанд хүрэх, хөдөлмөрийн чадвараа алдах, ажлаас чөлөөгдөх үед нэмэлт тэтгэврийн хангалттай орлоготой байх нөхцөлийг хангах хуримтлал бий болгох үндсэн зорилготой Тэтгэврийн Ууган Сан үүсгэн байгуулагдсанаар Монгол улсын нийгэм эдийн засгийн салбарт нэгэн шинэ хуудсыг нээж, Монгол улсад мэргэжлийн хувийн тэтгэврийн сан үүсч, хөгжих үндсэн суурийг тавьсан.
Өнөөдрийн байдлаар санд нийт 10 гаруй байгууллага гишүүнчлэлээр элсэж, 1300 гаруй ажилтнууд ажил олгогчын дэмжлэгтэйгээр ирээдүйн тэтгэврийн хуримтлалыг бий болгож нийт 4,4 тэрбум төгрөгийн хуримтлалтай, нэг гишүүнд ногдох дундаж хуримтлал 2,9 сая төгрөгт хүрч, сангийн анхны гишүүд тэтгэврийн насанд хүрч нэрийн данс дахь тэтгэврийн хуримтлалыг бүрэн хэмжээгээр авч, бодитой үр өгөөжийг хүртэж эхлээд байна.
Монгол Улсад тэтгэврийн сангийн алдагдал өсч, ачааллаа даахгүй болж, дорвитой шинэчлэл хийх эрэлт, хэрэгцээ, шаардлага бий болсон энэ цаг үед ажил олгогчоос санаачлан хэрэгжүүлж буй хувийн тэтгэврийн санд хамрагдан ирээдүйдээ итгэл төгс хөрөнгө оруулалт хийж буй нь нийт гишүүдийн хувьд нүдээ олсон явдал болж байна.
Цаашид манай улсад хувийн тэтгэврийн тогтолцоо улам илүү хөгжсөнөөр иргэдийг улсын тэтгэврээс гадна нэмэлт тэтгэврийн хангалттай орлоготой байлгах нөхцөл бий болгохоос гадна улс орны эдийн засагт хүчирхэг бүтэц, их хэмжээний санхүүгийн нөөцийг бий болгож түүгээр эдийн засгийн өндөр үр ашиг бүхий томоохон салбаруудад хөрөнгө оруулалт хийн эдийн засгийн хөгжилд ихээхэн хэмжээний хувь нэмрийг оруулах юм.
Нөгөөтэйгүүр хувийн тэтгэврийн сан нь томоохон санхүүгийн бүтэц болхынхоо хувьд тэтгэврийн хуримтлалыг хөрөнгөжүүлж, хөрөнгө оруулалтын өгөөжөөр өсгөж байдгаараа нийгмийн баялагын зөв хувиарлалтыг хангаж, иргэдийн ирээдүйнхээ өмнө хүлээх хариуцлагыг өндөрсгөхийн зэрэгцээ тэдний эдийн засгийн идэвхийг нэмэгдүүлж, хуримтлал үүсгэх, хөрөнгө оруулах дадал зуршлыг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг юм.
Бидний хувьд өнгөрсөн жилүүдэд үйл ажиллагаагаа бүрэн жигдрүүлж, улс орондоо үлгэр жишээ болохуйц амжилттай яваагаас гадна Монгол улсын тэтгэврийн тогтолцоонд шинэчлэл хийж, олон улсын туршлагыг монгол хөрсөнд буулгах их ажлыг эхлүүлсэн туршлага мэдлэг дээрээ суурьлан хувийн хэвшлээ төлөөлөн эрх баригчид, олон нийтэд өөрсдийн санал бодлоо хүргэн шинэчлэлийн үйл явцад гар бие оролцон ажиллаж байна.
Бидний үйл ажиллагааг дэмждэг хамтран ажиллагч гишүүн байгууллага болон ирээдүйдээ итгэл төгс хөрөнгө оруулалт хйиж буй нийт гишүүддээ талархал илэрхийлэхийн ялдамд өнгөрсөн хугацаанд сангийн үйл ажиллагааг үргэлж дэмжиж, үнэтэй хувь нэмэр оруулсан Голомт банкны удирдлага, нийт ажилтнууддаа Голомт банк үүсгэн байгуулагдсан 20 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.