2014, 2015 онд тэтгэврийн зээлийн хэмжээ 2012 оныхтой харьцуулахад гурав дахин нэмэгдсэн бөгөөд Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч буй 300 гаруй мянган ахмад настны 200 орчим мянга нь зээлтэй гэсэн тоо бий. Хувьчлаад үзвэл, тэтгэврийн насны ахмадуудын 90 гаруй хувь нь дэвтрээ барьцаалан зээл авчээ. Энэ бол тэтгэвэр олгож буй банкуудын буруу биш. Иргэд хүссэний үндсэн дээр л тэд зээл олгож байгаа хэрэг. Харин ахмадууд үнэхээр шаардлагатай зээлээ авч, зорьсон зүйлдээ хэрэглэж чадаж байгаа, эсэх нь асуудлын гол юм.

Монголын ахмадын чөлөөт холбоо энэ талаар судалгаа явуулжээ. Судалгаанд 3000 гаруй настан бичиг, цахимаар болон утсаар саналаа хэлсний 70 гаруй хувь буюу 2407 нь тэтгэврээ өөртөө зориулж байхыг хуульчлах тухай санаачилга гаргасан байна. Үүнийг задлаад үзвэл, ахмадуудын дийлэнх нь өөрийнхөө хэрэгцээг хангахаас илүүтэй ихэвчлэн үр хүүхдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн зээл авдаг байна.

  • 2014, 2015 онд тэтгэврийн зээлийн хэмжээ 2012 оныхтой харьцуулахад гурав дахин нэмэгдсэн.
  • Ахмадуудын дийлэнх нь өөрийнхээ хэрэгцээг хангахаас илүүтэй ихэвчлэн үр хүүхдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн зээл авдаг байна.
  • Тэтгэврийн зээлийн хүүг арилжааны зээлийн хүүгийн 50 хувиас илүүгүй байх чиглэл өгсөн.

Тэр ч бүү хэл зээл авахаас аргагүй байдалд ортол “дарамталж”, авсныг нь хуу хамдаг “шимэгчид” цөөнгүй байдгийг хөгшчүүлийн яриа нотолно. Баянгол дүүргийн 3 дугаар хорооны иргэн Н.Чимэгээ “Зээгийнхээ сургалтын төлбөрийг хийхийн тулд тэтгэврийн зээл авсан. Ажилгүй байгаа хүүхдээ хараад зүгээр суултай биш. Сая зээлийн хугацаа сунгасан сургаар Цагаан сардаа нэмэр болох гээд дахиад нэмээд авчихсан. Одоо жил гүрийчихвэл тэтгэвэртэйгээ золгох гээд л байна” хэмээн ярьсан юм. Тэрбээр сүүлийн гурван жил тэтгэврийнхээ дэвтрийг гар дээрээ аваагүй аж.

Яг ийм байдлаас болж хөгшчүүл тэтгэвэр тогтоолгож, нийгмийн байдлаа сайжруулах бус, харин ч эсрэгээрээ зээлээ дуусан дуустал бусдын гар харж, сохор зоосны орлогогүй тарчиг амьдрахад хүрдэг нь зовлонтой. Нөгөө талаар, “Үхтэл үр харам” гэгчээр үр хүүхэддээ чадах зүйлээрээ туслахыг хичээдэггүй ээж, аав гэж хаана ч үгүй юм. Хүүхдүүд нь ч өгөх ёстой мэт шаналгах. Эцэст нь тэтгэврээ барьцаалан зээл авч өгсөн иргэний хохь болоод өнгөрдөг нь гашуун үнэн. Үргэлжлэл: http://news.gogo.mn/r/185171