ТУС сангийн бүх гишүүдийн хурал 2016.03.09-2016.03.18-ны хооронд сангийн цахим хуудас, Голомт банкны дотоод сүлжээ, гишүүдийн и-мэйл хаягаар дамжуулан цахим хэлбэрээр амжилттай явагдаж өндөрлөлөө. Сүлжээнд холбогдох боломжгүй Голомт Банкны ажилтнуудад биечлэн очиж хурлын материалыг танилцуулж тухайн гишүүдийн багц сонголтыг авсан.
Мөн ТУС сан нь Голомт Банкнаас гадна Бодь интернэшнл ХХК, Бодь Автомотив ХХК, Бодь Электроникс ХХК, ҮСАХ ХХК, Монгол Хьюндай Автомотив ХХК, Ашид Голомт ББСБ, Инкон ХХК зэрэг нийт 10-аад гишүүн байгууллагад үйлчилгээ үзүүлж тэдгээрийн ажилтнуудад тэтгэврийн хуримтлал бий болгодог. Эдгээр байгууллагуудын хувьд дотоод сүлжээнд холбогдох боломжгүй тул тухайн байгууллагуудын хүний нөөц хариуцсан мэргэжилтэн болон гүйцэтгэх удирдлагаар дамжуулан хурлын материал, сангийн үйл ажиллагааны тайланг биечлэн танилцуулж, материалыг хүргэж ажилласан. Гишүүдийн хувьд сангийн үйл ажиллагаа, бүх гишүүдийн хурлын материалтай танилцаж, эрсдэл өгөөжийн багцын сонголтуудаа шинэчлэн хийж бидэнд ирүүлсэн.
Сангийн зүгээс эрсдэл өгөөжийн багц сонголтын хугацааг 2016.03.31-ны өдрийг хүртэл сунгасан бөгөөд нийт 679 гишүүн эрсдэл өгөөжийн багцын сонголтыг бичгээр ирүүлж багц сонголтоо баталгаажуулсан. Ирүүлсэн сонголтуудаас 348 гишүүн 1-р багц, 206 гишүүн 2-р багц, 125 гишүүн 3-р багцыг тус тус сонгосон байна. Эрсдэл өгөөжийн багцын сонголтыг шинэчлэн сонгох шаардлагатай нийт 1154 гишүүнээс 475 гишүүн сонголтоо шинэчлэн хийгээгүй тул сангийн журмын дагуу эдгээр гишүүдийн хувьд хуучин сонгосон багц нь хэвээр үргэлжлэх бол 129 гишүүний багц сонголтын хугацаа дуусаагүй бөгөөд ирэх 2017 оноос багц сонголтоо шинэчлэн хийхээр байна. Багцын сонголтыг шинэчилсэнээр 1-р багцын гишүүнчлэл 157-р нэмэгдэж, 2-р багцын гишүүнчлэл 29-р буурч, 3-р багцын гишүүнчлэл 128-р тус тус буурсан өөрчлөлттэй гарч 2016 онд нийт гишүүдийн 42% нь 1-р багцыг, 30% нь 2-р багцыг, 28% нь 3-р багцыг сонгосон үзүүлэлттэй байна.
Мөн сангийн нийт гишүүдээс тэдгээрийн санал хүсэлтийг сангийн цахим хуудас болон Голомт Банкны дотоод сүлжээгээр дамжуулан авсан бөгөөд нийтдээ 27 гишүүнээс санал ирсэн. Мөн зарим салбар тооцооны төвийн ажилтнуудын хувьд ажилтнуудаас оруулдаг хуримтлалын хувь хэмжээг 5 хувь хэвээр үлдээх саналуудыг ирүүлсэн байна. Бидний хувьд дээрх саналуудыг сангийн Удирдах Зөвлөлийн хурлаар хэлэлцэх бөгөөд хэрхэн шийдвэрлэсэн талаар гишүүддээ эргэн мэдэгдэх болно.