УИХ-ын чуулганы пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай” тогтоолын төслийг баталлаа. Төслийн танилцуулгад онцолсноор 2030 оноос эхлэн Монгол Улсын хүн ам насжиж, ахмад настны эзлэх хувийн жин нэмэгдэхээр байна. Ингэснээр өнөөгийн нэг давхаргатай тэтгэврийн даатгалын тогтолцоо үйлчилж чадахгүй нөхцөл байдал үүсэхээр байгаа аж. Тухайлбал хүн амд эзлэх тэтгэвэр авагчдын тоо өсч, 10 даатгуулагчид ноoгдох тэтгэвэр авагчийн тооны харьцаа 2013 онд дөрөв, 2030 он гэхэд долоо болж өсөх төлөвтэй байна. Тиймээс энэ нөхцөл байдлыг үндэслэн ирээдүйд үүсэх тэтгэврийн сангийн алдагдлыг багасгах, тэтгэврийн тогтолцоог шимтгэлд суурилсан тэтгэврийн тогтолцоогоор аажмаар солих зорилтыг баримт бичигт тусгажээ. Түүнчлэн ахмад настанд зохистой хэмжээний тэтгэврийг урт хугацаанд тогтвортой олгох нөхцлийг бүрдүүлэх бодлого тусгасан байна.
http://bloombergtv.mn