Тэтгэврийн Ууган Сангаас “Хувийн тэтгэвэр авсан” гишүүддээ батламж, гарын бэлэг өгдөг уламжлалтай. Энэ уламжлалынхаа дагуу 2020, 2021 онд тэтгэвэрт гарсан гишүүддээ зориулж арга хэмжээ зохиох  боломжгүй тул  гэр гэрт нь гарын бэлгээ хүргэж өглөө. Энэ үед “Тэтгэврийн Ууган Сангийн хамт олноо биднийг урина гэж бодоогүй байсан шүү. Гэнэтийн байлаа. Ковидын эрсдэлтэй үед цуглаж уулзаж чадаагүй ч зориод ирсэнд эгч нь баяртай байна. Алив манайд орж халуун цай уу” гэсээр Г.Жавзансүрэн эгч маань хамт олноо төлөөлөн бэлэг хүргээд буцах бодолтой байсан намайг баяр хөөртэй халуун дулаан угтаж, багахан яриа өрнүүлснийг гишүүддээ хүргэж байна.

Ө.Эрдэнэчимэг: Та Тэтгэврийн Ууган Сангийн гишүүдээ хувийн нэмэлт тэтгэвэртэй болгох үндсэн зорилгын дагуу тэтгэврийн насанд хүртлээ хуримтлуулж “Хувийн тэтгэвэр” авсан. Иймээс бид Монгол улсын анхны гэж болох хувийн тэтгэврийн сангаас тэтгэвэр авсан гишүүдээ хүлээн авч уулздаг уламжлалтай. Даанч цаг үеийн байдал эрсдэлтэй байгаа учраас уулзалтаа болиод бэлгээ хүргэж ирлээ.

Г.Жавзансүрэн: Тийм ээ. Тийм та нарыгаа ойлгож байна. Ажлын газраас уулзана гээд залгахаар гоё байдаг юм байна. Би ТУС сангаас уулзана гэж ер бодоогүй байлаа. Цуглараад уулзаж чадаагүй ч гэсэн ингээд зориод ирж байгаад их баярлалаа.

Ө.Эрдэнэчимэг: Та ТУС санд анх байгуулагдах үеэс нь элссэн үү?

Г.Жавзансүрэн: ТУС сан 2010 онд байгуулагдаад, байгууллагаас ажилтнууддаа тэтгэврийн хуримтлалтай болохыг дэмжинэ гэхэд бид бүгдээрээ их баяртай хүлээн авч элсэж билээ. Би 2011 онд гишүүнээр элссэн бөгөөд одоо бодоход 1 жилийн өмнө ч болтугай элссэн бол өнөөдөр илүү хэрэгтэй байх байсан байна гэж бодож сууна. Анх ТУС санд элсэхдээ тэтгэвэртээ гарах хүртлээ хуримтлуулна гэж бодсон байсан. Тэгээд тэтгэвэрт гарах ч болсон, хуримтлал маань амьдралд ч хэрэг болсон доо.

Ө.Эрдэнэчимэг: Та ТУС-ийн хуримтлалаа аваад юунд хэрэглэснээ бидэнтэй хуваалцаж болох уу?

Г.Жавзансүрэн: Аан за тэгье тэгье. Намайг тэтгэвэрт гарах үед охин маань Солонгос улсад магистрт сураад, гэр бүлээ Солонгос руу татах болсон юм. Солонгосын визний хүсэлт мэдүүлэхэд гэр бүлийн хүн бүрт таван сая төгрөгийн баталгаа  байршуулах хэрэгтэй болоод бид чинь тал бүр тийшээ мөнгөний эрэлд гарсан даа. Эгч нь ТУС сангаасаа хувийн тэтгэврээ аваад хоёр зээ охиныхоо визний баталгаанд нийт 10 сая төгрөг байршуулаад, Солонгос руу явуулаад цаана нь зөндөө мөнгөтэй баян эмээ үлдэж байлаа. Охин маань Солонгост гэр бүлээрээ хамт сурч, ажиллаад сайхан байгаа.  ТУС сангийн хуримтлал маань зөвхөн надад, төдийгүй зээ нарт минь ч их хэрэг болсон шүү (инээв).

Ө.Эрдэнэчимэг: Сүүлийн үед залуучууд Тэтгэврийн шинэчлэл хийхийг шаарддаг боллоо. Та тэтгэвэртээ гараад удаагүй байгаа хүн. Танд илүү мэдрэгдэж байгаа байх. Тэтгэврийн шинэчлэлийн талаар та ямар бодолтой байдаг вэ?

Г.Жавзансүрэн: Бид чинь гэхдээ яг тэтгэвэртээ гарах үедээ л би хэдэн төгрөгний тэтгэвэр авах вэ гэж боддог юм билээ. Тэгээд авч байсан цалингийнхаа бараг тал хэмжээтэй тэтгэвэр авахаар нэг хэсэгтээ хэцүү л санагдаж байсан.  Эртнээс л бодож, тооцоолох хэрэгтэй юм билээ дээ.

Би ч бас Голомт банкандаа ажилласандаа баярлаж явдаг. Цалин хөлс, нийгмийн даатгал баталгаатай. Дээр нь байгууллагын тэтгэврийн хөтөлбөрөөр хувийн тэтгэврийн хуримтлалтай болохыг дэмждэг. Миний ТУС-ийн хуримтлал цалингаас шууд тооцоод татаад авчихдаг болохоор санаа амар байдаг байсан. Хуримтлал татаж байгаа нь ер мэдэгдэхгүй. Сардаа хорь гаран мянган төгрөг л цалингаас татагдсан байдаг байсан. Хамгийн гол нь байгууллагаас маань яг тэр хэмжээгээр нэмж өгөөд давхар өсөөд, дээр нь өгөөжөөр өсдөг болохоор маш сайн хуримтлагддаг юм билээ. Хорин мянган төгрөг ч одоо юунд үрэгдсэн нь мэдэгдэхгүй л алга болчихдог мөнгө шүү дээ. Бид чинь банкны ажилтнууд мөртлөө зээл аваад л хэрэглээд байхаас хуримтлуулж чаддаггүй.

Манайхан шинэчлэл гэхээр их том юм бодоод, яриад байдаг юм. Гэтэл Тэтгэврийн Ууган Сан чинь өөрөө бидний хувийн тэтгэвэр, шинэчлэл шүү дээ. Нийгмийн даатгал бол яахав дотроо шинэчлэлээ хийгээд явахад болох л байх. Голомтын ажилтнуудын хувьд өөрсдийнхөө санаачилсан хувийн тэтгэврийн сандаа гишүүнээр элсээд өөрсдийнхөө ирээдүйдээ хөрөнгө оруулаад байхад бас л өөрөө өөртөө шинэчлэл болоод байгаа юм.

Ө.Эрдэнэчимэг:Сайхан яриа өрнүүлж, халуун цайгаар дайлсан танд талархлаа. Аз жаргал сайхан сайхан бүхнийг хүсье.