Тэтгэврийн Ууган Сан нь сайн дурын үндсэн дээр санд гишүүнээр нэгдэн орсон бүх гишүүн байгууллагын ажилтнууд, иргэнийг тэтгэврийн насанд хүрэх, хөдөлмөрийн чадвараа алдах, ажлаас чөлөөлөгдөх, сангийн гишүүнчлэлээс сайн дураар гарах үед тэтгэврийн нэмэлт орлоготой байх нөхцөлийг хангах хуримтлалтай болгох, хуримтлуулсан мөнгөн хөрөнгийн үнэ цэнийг бууруулахгүй байх зорилготой.
Бид энэхүү зорилгын хүрээнд гишүүдийнхээ хуримтлалыг тэдний сонгосон багцын дагуу аль болох найдвартай бөгөөд харьцангуй өндөр өгөөж олох боломжтой хөрөнгө оруулалтад оруулж, санхүүгийн тайлан, хөрөнгө оруулалтын үр дүнгээ Хяналтын зөвлөл болон хөндлөнгийн аудитаар баталгаажуулсны үндсэн дээр гишүүдийнхээ нэрийн дансанд хуваарилж ажилладаг.
Энэ оны хувьд Монгол банкны бодлогын хүү, банкуудын хадгаламжийн хүү буурсан, Засгийн газрын үнэт цаас гараагүй нь найдвартай хөрөнгө оруулалтын үр өгөөжийг бууруулсан боловч нөгөө таладаа шинэ хувьцаа, нээлттэй хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх, компанийн бондууд гарсан хөрөнгө оруулалтын сонголт олонтой онцлог жил байлаа. Зах зээлийн эдгээр өөрчлөлт нь хөрөнгө оруулалтын багцуудад ногдох өгөөжийн хувь хэмжээг эрс ялгаатай байхад нөлөөллөө.
Бид 2021 онд жилийн дунджаар 5.9 тэрбум төгрөгийн хуримтлалыг удирдан ажилласан бөгөөд гишүүдийн багц сонголтын дагуу Зэрэглэл 1-ийн хөрөнгө оруулалтад 85.75 хувийг, Зэрэглэл 2-ын хөрөнгө оруулалтад 14.25 хувийг байршуулж ажиллаа. 2021 оны хөрөнгө оруулалтын дундаж өгөөж 14.92 хувь, үүнээс Багц 1-д 8.84 хувь, Багц 2-т 15.08 хувь, Багц 3-т 21.33 хувийн өгөөж тус тус ногдож байна. Нийт хуримтлалын дундаж өгөөж 14.92 хувь байгаа нь өнгөрсөн онтой харьцуулахад 4.12 хувиар өндөр байлаа.
Тэтгэврийн Ууган Сан нь гишүүдийнхээ хуримтлалаас үйл ажиллагааны (ажилтнуудын цалин хөлс, ашиглалтын, маркетингийн, гэх мэт) зардлыг санхүүжүүлдэггүй онцлогтой. Үйл ажиллагааны зардлыг гишүүдийн хураамж, нөөц сангийн хөрөнгө оруулалтын өгөөж, гишүүн байгууллагуудынхаа дэмжлэгээр бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл гишүүдийн бүртгэлтэй хуримтлал мөнгөн хөрөнгө, хувьцаа, бонд хэлбэрээр бүрэн бүтэн байдаг гэдгийг хэлэхэд таатай байна.
ТУС-ийн гишүүд та бүхэн дараах зааврын дагуу хуримтлалаа шалгаарай.