Тэтгэврийн Ууган Сан /ТУС/ нь санд гишүүнээр нэгдсэн бүх гишүүн байгууллагын ажилтнууд, иргэнийг тэтгэврийн насанд хүрэх, хөдөлмөрийн чадвараа алдах, ажлаас чөлөөлөгдөх, сангийн гишүүнчлэлээс сайн дураар гарах үед тэтгэврийн нэмэлт орлоготой байх нөхцөлийг хангах хуримтлалтай болгох, хуримтлуулсан мөнгөн хөрөнгийн үнэ цэнийг бууруулахгүй байх зорилготой.

Бид энэхүү зорилгын хүрээнд гишүүдийнхээ сонгосон багцын дагуу хуримтлалыг эрсдэл багатай хөрөнгө оруулалтад оруулж, хөрөнгө оруулалтаас олсон үр ашгийг хөндлөнгийн аудит, Хяналтын зөвлөлөөрөө баталгаажуулсны үндсэн дээр гишүүддээ 100 хувь хуваарилдаг.

2020 оноос хэрэгжсэн Ковидын хуулийн хязгаарлалт, зээлийн хүүг бууруулах бодлоготой холбоотойгоор банкны хадгаламжийн хүү 7.5 хувь хүртэл буурч, банкуудын тусгай хүү, харилцах, хугацаатай хадгаламжийн үлдэгдэлд тооцох хүүг хориглосон тул бид хөрөнгө оруулалтын хадгаламж сууриа бууруулж, хувьцаа компанийн бондод хөрөнгө оруулах боломжийг хөрөнгө оруулалтын багц тус бүрт 15 хувиар нэмэгдүүлж, нийт гишүүддээ багц сонголтоо шинэчлэх боломж олгосон.

2022 оны дунд үе дуустал хэрэгжсэн ковидын хуулийн хязгаарлалт, зээлийн хүү бууруулах бодлогын нөлөөгөөр Монголбанк бодлогын хүүгээ 6 хувиас 13 хувь хүртэл 5 удаа өөрчилснөөс өмнөх 2021 оны 1 жилийн хугацаатай банкны хадгаламжийн хүү үнэгүйдэж, 3 сараас дээш хугацааны хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад бэрхшээлтэй жил байлаа. Мөн урт хугацааны стратегаар хөрөнгө оруулсан хувьцаануудын ханш (2021 онд хөөсөрсөн) унаж оны эцсийн байдлаар алдагдалтай байлаа. Иймээс энэ жил бид анх удаа нөөц сангаас зарцуулалт хийж, гишүүдэд хуваарилах дундаж өгөөжийг 195 сая төгрөгөөр нэмэгдүүлэн Монголбанкны бодлогын хүүний жигнэсэн дундаж буюу 9.53 хувьд хүргэлээ.

Үүний үр дүнд 2022 онд Багц 1-ийг сонгосон гишүүдийн хуримтлалд 11.61 хувь, Багц 2-т 10.05 хувь, Багц 3-т 8.50 хувийн өгөөжийг хуримтлалын өдөр тутмын үлдэгдэлд харгалзуулан хуваариллаа. 2022 оны өгөөжийг өнөөдрийн банкны хадгаламжийн хүүтэй харьцуулахад бага боловч жилийн эхэн болон дунд үеийн банкны хадгаламжийн хүүний түвшинг нэхэн санаж ойлгоорой.

 

Мөн Тэтгэврийн Ууган Сан нь гишүүдийнхээ хуримтлалаас үйл ажиллагааны (ажилтнуудын цалин хөлс, ашиглалтын, маркетингийн, гэх мэт) зардлаа санхүүжүүлдэггүй онцлогтой. Өөрөөр хэлбэл гишүүдийн бүртгэлтэй хуримтлал мөнгөн хөрөнгө, хувьцаа, бонд хэлбэрээр бүрэн бүтэн байдаг гэдгийг хэлэхэд таатай байна.

Гишүүд та бүхэн дараах зааврын дагуу www.tus.mn сайтад нэвтэрч хуримтлал болон 2022 оны өгөөжөө шалгаарай.

 

Тэтгэврийн Ууган Сан