Тэтгэврийн Ууган Сан ТББ нь өндөр настай болж, хөдөлмөрийн чадвар буурах үедээ нийгмийн даатгалын тэтгэврээс гадна нэмэлт хувийн тэтгэврийн орлоготой болох хүсэл тэмүүлэлтэй ажилтнуудын санаачлага болон бүх талаар дэмжсэн ажил олгогч нарын итгэл зүтгэлээр үүсгэн байгуулагдсан. Тухайн үед хэдийгээр Монгол улсны тэтгэврийн тогтолцоог олон давхаргат болгоно гэж улсын нийгмийн хамгааллын бодлогод тодорхойлдог байсан боловч зохицуулсан хууль байгаагүй. Иймээс Тэтгэврийн Ууган Санг олон улсын траст сангийн хэлбэрээр буюу ашгийн бус төрийн бус байгууллага хэлбэрээр үүсгэн байгуулж байлаа.
Одоо Тэтгэврийн Ууган Сан нь 1350 гаруй гишүүнтэй, 6.8 тэрбум төгрөгийн хуримтлалтай 13 жилийн түүхтэй хувийн тэтгэврийн сан болоод байна. Бид үүсгэн байгуулагдсан цагаасаа Монгол улсын онцлогт тохирсон, зөв зарчимтай, урт хугацаанд тогтвортой ажиллах хувийн тэтгэврийн тогтолцоог бүрдүүлж чадах тийм хууль эрх зүйн орчинтой болохыг хүсч өөрсдийн саналаа төрийн байгууллагад хүргэж ирсэн.
Олон жил яригдсан хувийн тэтгэврийн тогтолцоог УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх “Хувийн нэмэлт тэтгэврийн тухай” хуулийн төслөөр бүрдүүлэх юм. Энэ хуулийн төсөл батлагдаж хэрэгжсэнээр Монгол улсын нийгэм, эдийн засагт томоохон өөрчлөлт гарна. Үүнд:
- Өнөөгийн болон ирээдүйн залуус өтөл насны амьдралын чанараа дээшлүүлэх боломжийг нээнэ.
- Монголчууд урт хугацааны томоохон хөрөнгө оруулалт хийж, эх орныхоо ирээдүйг өмчилнө.
Тэтгэврийн Ууган Сангийн зүгээс энэхүү чухал хуулийн төслийг боловсруулахад 13 жилийн туршлагаа хуваалцаж, иргэдийнхээ болон ажил олгогчийн эрх ашгийг хамгаалахын зэрэгцээ тэтгэврийн сангийн мэргэжлийн байдал, тогтвортой ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэх талаас албан ёсоор санал өгч ажилласан.
Эрхэм гишүүн байгууллагын удирдлагууд, гишүүд та бүхэн энд дарж Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөлтэй танилцана уу.
Тэтгэврийн Ууган Сан