Тэтгэврийн Ууган Сан нь Голомт банк, Бодь группийн ажилтнуудаа тэтгэврийн насанд хүрэх үед хувийн тэтгэврийн нэмэлт орлоготой болгох зорилгоор 2010 онд үүсгэн байгуулагдаж байлаа. Тухайн үед элсэж байсан гишүүд маань гавьяаны амралтаа авч 2023 онд ТУС сангаас зургаан ахмад гишүүн “ХУВИЙН ТЭТГЭВЭР”-ээ авлаа.
Тэд зорьсон зорилгодоо үнэнч байж, тууштай хуримтлуулан нийт 120.9 сая төгрөгийн хувийн тэтгэвэр авчээ. Энэ тэтгэврийн 29.9 саяыг гишүүд маань өөрсдийн цалингаас хуримтлуулж, 29.9 саяыг ажил олгогчоос нэмж, үлдсэн 61.1 сая төгрөг нь хөрөнгө оруулалтын өгөөж байна.
“ХУВИЙН ТЭТГЭВЭР” авсан ахмадуудын маань төлөөлөл хамт олноо санасан халуун дулаан сэтгэлээр уулзаж, нийт хамт олондоо мэнд дэвшүүлснийг үүгээр уламжилж байна. Та бүхэндээ баярлалаа.
Салбарын захирал Б.Мандах:
Тэтгэврийн Ууган Санг 2010 онд үүсгэн байгуулах хурал хийхэд бид үнэхээр талархан хүлээн авч гишүүнээр элсэж байлаа. Анх элсэхдээ л хувийн тэтгэврийн хуримтлал үүсгэж байгаагаа мэдэж байсан болохоор хуримтлалаа авъя, хэрэглэе гэж боддоггүй байлаа. ТУС сангийн хуримтлалыг хүний нөөцийн газар цалин бодохдоо шууд татдаг болохоор нэг хэсэгтээ мартчихна. Хааяа нэг шалгахаар овоо хөөрхөн болчихсон байдаг байж билээ.
Би чинь салбарын захирал байсан болохоор шинэ ажилтнууддаа Голомт банкны хувийн тэтгэврийн хөтөлбөрөө танилцуулаад элсүүлдэг байлаа. Дараа нь тэд нар маань овоо хөөрхөн хуримтлалтай болсон гээд ярьдаг байж билээ. Анхандаа цалингаас 5 хувь, байгууллагаас 5 хувь хуримтлуулдаг байсан болохоор их хурдтай өсдөг байсан. Та хэд маань буцаагаад 5 хувиар хуримтлуулах тал дээр анхаараарай.
Би Голомт банкнаас тэтгэвэртээ гарахдаа 13 жил хуримтлуулсан ТУС сангийн хуримтлалаа аваад их баяртай байгаа Гол нь ТУС сангийн хуримтлал хадгаламжаас ялгаатай нь байгууллага ижил хэмжээгээр хуримтлал нэмж өгөөд, илүү удаан хугацаанд, тогтмол хуримтлуулахыг дэмждэг. Хадгаламжийг бол бид зөвхөн өөрсдийн хуримтлалаар үүсгэнэ бас хугацаа нь дуусахаар хэрэглэчих гээд байдаг.
Миний залуу нас Голомт банктай нягт холбоотой, би залуу насны сайхан дурсамж, амжилт бүтээлээ энд л бүтээсэн. Манай спорт хамтлагийн зохион байгуулдаг явган аялалд би нэлээн хэд явсан. Мартагдашгүй дурсамж үлдээж чаддаг шүү.
Голомт банкны нийт хамт олон, Тэтгэврийн Ууган Сангийнхандаа бүгдэд нь мэнд хүргэе. Та нартаа баярлалаа.
Зуслан хариуцсан ажилтан Л.Баатарболд:
Би 2012 онд анх ТУС санд элсэж байлаа. Тэр үедээ тэтгэвэрт гарах хол байна даа гэж бодож явлаа. Яваандаа тэтгэврийн нас ойртож байгааг ойлгож эхэлсэн дээ. Гэтэл одоо ингээд тэтгэврээ тогтоолгоод дээр нь ТУС сангаасаа хувийн тэтгэвэр аваад байж байна.
Би чинь гурван ч удаа явган аялалд явсан байх шүү. Авхаалж самбаа сорьсон дурсамжтай аялал болдог. Саяхан ахмадын арга хэмжээгээр хамт олонтойгоо уулзаад сайхан байлаа.
Би Голомт банкны зуслан хариуцан ажиллаж байсныг бүгд мэднэ дээ. Манай ажилтнуудын зуслан бүх юм нь бэлэн, тохитой, ой модтой залгаа, агаар сайтай, ус сайтай, сайхан зуслан. Зундаа Голомт банкны 130 гаруй ажилтан гэр бүлээрээ ээлжлээд гарчихна.
Тэр зуслан бол үнэхээр хүүхдийн жаргалын орон. Хүүхдүүд эрүүл агаарт чийрэгжиж, шуугилдан тоглож байхыг харах жаргал юм даа. Хүмүүс Голомт банк шиг ингэж ажилтнуудынхаа ар гэрт анхаардаг, зуслантай байгууллага байхгүй гэж ярьдаг юм. Голомт банк маань олон айл гэр, хүүхдүүдэд буянаа өгч байгаа.
Энэ буян хишиг нь улам дэлгэрэх болтугай. Хамт олондоо амжилт бүтээлийн дээдийг хүсье.
Архивын эрхлэгч Ч.Туяа:
Би одоо архивын эрхлэгчийн ажлаа хийж байгаа. Би ч бас анх ТУС санд хуримтлуулж эхлэхдээ тэтгэвэрт гарах болоогүй юм шиг л санаж байлаа. Уг нь бол тэтгэврийн хуримтлалаа авах гэж нэг их яараагүй. Гэхдээ ач охин маань гадагшаа сургуульд явах болоод авсан. Маш их хэрэг болсон шүү. Мөн ТУС сангийн хуримтлуулах хэмжээг цалингийн 5 хувь болговол залуусын маань ирээдүйд хэрэгтэй юм даа.
Голомтын залуустаа хандан “Өнөөдөр нас залуу, хэзээ ч тэтгэвэртээ гарах билээ. Тэр хүртэл зай байна гэж та нар минь бодож байгаа байх. Гэхдээ цаг хугацаа маш хурдан. Заавал тэтгэвэр гэлгүй хүнд ер нь хуримтлал маш их хэрэгтэй шүү. ТУС сандаа эртхэн элсээрэй.” гэж зөвлөе.
Ингээд ТУС сан маань улам их өргөжин тэлж, өнгөжин жавхаажиж, арвижин дэлгэрэхийн ерөөл өргөе.
* * *