Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Тэтгэврийн Ууган Сан /ТУС сан/-ийн тууштай гишүүн, Голомт банкны Яармаг салбарын захирал Т.Буяндалай бидний хүсэлтийг хүлээн авч, санал сэтгэгдлээ хуваалцсаныг уншигч танд танилцуулж байна.
Та Голомт банканд хэзээ ажилд орсон бэ? Таны сэтгэгдэл.
Би 2009 онд их сургуулиа төгсөөд шууд Голомт банкандаа ажилд орж байлаа. Одоо 15 дахь жилдээ ажиллаж байна. Банк санхүүгийн мэргэжлээр сургууль төгссөн хүний хувьд шууд системийн томоохон банкны нэг болох Голомт банканд ажилд орох миний хувьд нэр төрийн хэрэг байсан.
Мэргэжлийн ажилдаа дадлагажиж, мэргэшихээс гадна Голомт банкны хамт олны харилцаа, хандлага, соёл миний амьдралд олон сайхан дурсамж туршлагыг үлдээсэн. Голомт банканд ажиллахын давуу тал их. Үүний нэг нь Тэтгэврийн Ууган Сан буюу байгууллагын тэтгэврийн хөтөлбөр юм аа.
Та ТУС санд хэрхэн элсэж байсан бэ? Туршлагатай гишүүний хувьд бидэнтэй өөрийн бодлоо хуваалцана уу.
Би энэ хөтөлбөрт хожуу, 2014 онд хамрагдсан. Тэр үед миний ажиллаж байсан салбарт танайхнаас ирж танилцуулга хийж, гишүүн элсүүлсэн юм. Уг нь 2010 онд хамрагдах боломжтой л байсан. Одоо 10 дахь жилдээ хуримтлуулж байна. Байгууллагын дэмжлэгтэй хуримтлалтай байх нь миний хувьд банканд тогтвортой ажиллах бас нэг хөшүүрэг болсон гэж боддог. Эргээд бодоход энэ хөтөлбөрөөр би ажилтны хувьд олон талын дэмжлэг авч байгаа. Тухайлбал:
- Анх гэрээ хийж зөвшөөрснөөс хойш байгууллага миний татварын дараах цалингаас 2 хувь хуримтлал тооцоод ТУС сан дахь миний хувийн тэтгэврийн данс руу шилжүүлдэг. Тэгэхээр 10 жилийн хугацаанд 250 гаруй удаагийн гүйлгээ хийх ажлыг миний өмнөөс хийжээ.
- Миний хуримтлуулсан дүнтэй ижил хэмжээний хуримтлалыг байгууллагаас маань нэрийн дансанд нэмж хуримтлуулж өгдөг.
- Энэхүү хуримтлалыг ТУС сан 10 жилийн турш найдвартай хөрөнгө оруулалтад оруулж нэмж өгөөж өгсөөр байна.
- Дээрх бүх гүйлгээ, мөнгөн дүн, хөрөнгө оруулалтад Голомт банкны зүгээс удирдлагаар хангаж, хяналт тавьж, найдвартай байдлыг улам бататгаж өгдөг.
Өдөр тутмын завгүй амьдралтай энэ үед Голомт банк болон ТУС сан бидний ирээдүйд санаа тавьж хуримтлуулж, хуримтлалыг маань миний өмнөөс найдвартай хөрөнгө оруулж байгаа нь туйлын амар санагддаг.
Та хамт ажиллагсдадаа юу гэж зөвлөх вэ?
Тэгэлгүй яах вэ. ТУС сангийн гишүүн болж 10 жилийн турш хуримтлал үүсгэсэн хүний хувьд Голомтын хамт олон болон ТУС сангийн бусад гишүүн байгууллагын ажилтнуудад хандаж ирээдүйдээ зориулж хийх зөв хөрөнгө оруулалтын нэг бол байгууллагын тэтгэврийн хөтөлбөр шүү. Хуримтлуулж эхлэх таатай үе гэж хэзээ ч байдаггүй, яг одооноос хуримтлалаа үүсгэж эхлээрэй гэж зөвлөмөөр байна.
2010 онд Голомт банк ажилтнуудынхаа хүсэлтээр ТУС санг үүсгэн байгуулж “Байгууллагын тэтгэврийн хөтөлбөр” хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ хөтөлбөр бол манайх шиг ажилтнуудынхаа нийгмийн асуудалд анхаардаг байгууллагад ажилтнуудаа тогтвортой ажилласныг урамшуулах, тэдний ирээдүйд хөрөнгө оруулж урт хугацаанд хуримтлалтай болгох бодлогын чухал ажил юм байна гэдгийг салбар хариуцсан захирлын хувьд ч, ажилтны хувьд ч ухаарч явна.
Та сая их чухал сэдэв хөндлөө. Та салбар хариуцаж, ажил олгогчийг төлөөлж яваа хүний хувьд байгууллагын тэтгэврийн хөтөлбөрийн талаар бодлоо хуваалцаж болох уу?
Аан за. Ер нь бүхий л салбарт хүний нөөц дутагдалтай байгаа өнөө үед ажил олгогчид энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж, ажилтнуудаа дэмжиж хуримтлалтай болгосноор туршлагатай ажилтнуудынхаа үнэ цэнийг нэмэгдүүлж, шинэ ажилтнууддаа итгэл өгч, чадварлаг хүний нөөц бүрдүүлэх боломжтой. Иймээс харилцагч, ажил олгогч нартаа Тэтгэврийн Ууган Сангийн Байгууллагын тэтгэврийн хөтөлбөрийг сонирхож үзээрэй, туршлага судлаарай гэж зөвлөмөөр байна.
Бидний хүсэлтийг хүлээн авч цаг зав гаргасан танд баярлалаа. Танд ажил, амьдралын өндөр амжилт хүсье!
Баярлалаа. Та бүхэнд ч бас амжилт хүсээд олон байгууллагатай хамтран ажиллаж, олон ажилтныг ирээдүйн баталгаа буюу хуримтлалтай болгоорой гэж ерөөе!
Ярилцлага хийсэн: Тэтгэврийн Ууган Сан, Бизнес хөгжлийн менежер Ө.Эрдэнэчимэг